Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д дох гэх аюулын харанга дагуулсан өвчний тохиолдол нэмэгдэж байгааг хэлж байна. Манай улсад энэ онд 19 хүн шинээр дох өвчин илэрч бүртгэгдээд байна. Насны хувьд 20-24 насныхан болоод сүүлийн үед ахимаг насны хүмүүсээс илрэх нь ихэссэн байна.

Уг өвчний халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл ойролцоогоор 3 сар (заримдаа 3-6 сар) өнгөрдөг байна. Энэ 3 сарын хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байж болох тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг нууц үе гэж нэрлэдэг. Иймээс ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлд өртсөн бол 3 сарын дараа дахин шинжлүүлэх хэрэгтэй. Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-уудаас ялгаатай нь ДОХ-ыг төгс эдгээх боломжгүй. Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдварыг авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг. Нэгэнт ХДХВ хүний дархлааг устгаж ДОХ өвчний шатанд хүрсэн нөхцөлд өвчтөн хүндэвтэр халдварын улмаас ихэвчлэн 1-2 жилийн дотор нас бардаг. ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж дархлааг бага багаар сулруулсаар алдагдуулдаг байна. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 гаруй жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй эрүүл хүн шиг байх боловч, бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг. Дархлалын систем сулрах тусам тухайн хүн жингээ алдаж, ядрамтгай болж, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болдог.

Улмаар уушигны үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. ДОХ-ыг төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй боловч амьдрах хугацааг уртасгах эмийн эмчилгээ байдаг байна.

Халдварын анхны тохиолдол Монголд 1992 онд илэрснээс хойшхи иргэд хот хөдөөгийн хаана ч сайн дураараа шинжилгээ өгч, зөвлөгөө авч болно.

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж. Даваалхам ярьснаар: Төрөлжсөн төв эмнэлэг ХӨСҮТ Хүний дархлал хомсдлын вирус, ДОХ-ын лабораторийн сүүлийн үеийн техник хэрэгсэл ашиглаж байна. Цусны албыг ХДХВ, тэмбүү илрүүлэх лабораторитой болгосноор цус сэлбэлтээр халдвар дамжихаас бүрэн сэргийлж чадаж байгаа. Жирэмсний хяналт, мэс засал, онош тодруулах үед эмнэлгүүд ХДХВ, тэмбүүгийн шинжилгээг хавсарч авдаг болсон. Монгол Улсад ХДХВ, ДОХ-той хүмүүст үзүүлдэг эмчилгээ, үйлчилгээ 100% үнэ төлбөргүй. Төлбөрийг төр, донор байгууллагууд хариуцдаг юм. Монгол Улс цаашид өвчтөнг ДОХ-ын шатанд шилжүүлэлгүй ХДХВ-ийн халдвар авсан даруйд нь эмчлэх, халдвар тархахаас сэргийлэхэд гол бодлогоо чиглүүлэхийг олон улсын байгууллагуудын зүгээс зөвлөж байгаа юм. Манайд бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар ХДХВ-ийн халдвар авсан бөгөөд тэдний 80% нь эрчүүд байна. Халдвар авсан эрэгтэйчүүдийн дийлэнх нь бэлгийн цөөнх, эмэгтэйчүүдийн олонх нь биеэ үнэлэгч байна.

Мөн бүртгэлтэй иргэд өнөөдрийн байдлаар 218 болж өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа нь аюулын харанга нөмөрч байгаа юм.

Бүртгэлгүй бөгөөд өөрөө мэдээгүй яваа иргэд хэд байгаа бол гэхээс айдас дагуулж байна. Дээр дурдсан нууц үе удаан үргэлжилдэг болон шинжилгээнд хамрагдахгүй яваа иргэд байгаа гэдгийг эмч хэлж байна. Тиймээс замбараагүй бэлгийн хавьталаас хол байх мөн бие биендээ үнэнч байх нь өөрийгөө болоод бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа юм. Эмчийн хэлж буйгаар бэлгэвч найдвартай хамгаалалт болж чадахгүй гэдэг ч үгийг ч бодож явахад илүүдэхгүй.

Нийслэлд бэлгийн замбараагүй байдлыг нэмэгдүүлэх гол шалтгаануудын дунд олноор бий болсон дэн буудал, биеэ үнэлэлт, массаж, бар зэрэг газруудад хяналт тавидаг хэдий ч хүчрэхгүй байгаа учир иргэн та өөрөө өөртөө эзэн нь байхаас өөрцгүй болсон цаг үе. 

М.Буянжаргал