ШУТИС-ийн III дамжааны оюутан,19 настай П-г 26 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс яллагдагч Д.Буяннэмэхийг аргагүй хамгаалалт гэж үзсэн. Үүнийг талийгаачийн ээж Т.Дамдинсүрэн хүлээн зөвшөөрөлгүй УДШ-д хандсан байна. 

Хэргийн талаар талийгаачийн ээж Т.Дамдинсүрэн:  "2015 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр би 19 настай хүүгээ хутгалуулж амиа алдсан байгаа тухай сонссон. Гэмт хэргийг үйлдсэн хүн нь Д.Буяннэмэх гэдэг хүн. Энэ хүн хүүг минь 26 хутгалж амь насыг нь хөнөөгөөд байрны гаднах гараашийн хажууд цогцсыг нь хаяад явсан хэрнээ өөрөө "би хүнд хутгалуулчихлаа" гээд гэмтлийн эмнэлэгт очоод хэвтчихсэн байсан. Ингээд хэрэг үүсч, мөрдөн байцаалтын явцад буруутгаж байсан зүйл заалт, эмчийн дүгнэлт өөрчлөгдөөд шүүхээс цагаатгачихсан. Эхлээд гурван эмчийн хамтарсан дүгнэлтээр "Д.Буяннэмэхийг хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан" гэсэн бол дараа нь энэ чиглэлээр мэргэшсэн н.Ганбат гэх эмчийн дүгнэлтээр "хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан" болчихсон гэв. 

Тэгвэл энэ хэргийг өнөөдөр УДШ-ээс хянан хэлэлцсэн байна. Хохирогчийн тал Д.Ганбат өмгөөлөгчөөс гадна Г.Батбаяр өмгөөлөгчийг авч, шүүх хуралдаанд орсон. Улсын дээд шүүхээс энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Ингэснээр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дахин эхлүүлэх юм.