Манай орон хоол хүнс, эд бараа, материал технологи гэх мэт дийлэнх хэрэгцээгээ хилийн чанадаас авдаг. Харамсалтай нь орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь стандартад нийцсэн байдаг вэ.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн хоргүй, аюулгүй гэсэн баталгаа бий юу? Ингэж үзэж эргэлзээ тээх шалтгаан нь монголчуудад олон бий. Учир нь импортын бараанд тавигдах чанар стандарт журам байдаггүй гэхэд хилсдэхгүй. Тэдгээрийн орц найрлагыг хянаж шинжлэх лаборатори, хэмжих техник хэрэгсэл, мэргэжлийн хяналт шалгалт дутмаг байдагтай холбоотой. Мөн дээрээс нь баталгаагүй хуурамч эм орж ирэх болсон нь хүний биеийн дархлаа төдийгүй генд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Энэ нь юугаар баталгаажиж байна вэ гэхээр бидний өдөр тутамд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа мал болон амьтны гаралтай маханд антибиотик их хэмжээгээр илэрч байгаа нь өнөө цагийн гол хөндөх сэдэв болж байгаа юм. Антибиотик их хэмжээгээр илэрч буй бүтээгдэхүүнээр хооллосноор сүүлийн үед эрчүүд мэдэгдэхүйц эмэгтэйлэг шинжтэй болж байгааг эмч нар онцлож байна. Иймд үндэсний аюулгүй байдал, монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог бид дэлгэж буй юм. Нөгөө талаар дэлхий нийтээр энэ бүхний эсрэг цогц арга хэмжээ авч эхэлж буйн жишээ нь ДЭМБ-аас зохион байгуулж буй ”антибиотикийн долоо хоногийг ирэх арваннэгдүгээр сарын 14-21-ний өдөр болгон зарлаж байгаа аж. Антибиотик гэдэг нь ямар бодис агуулдаг, яагаад эрчүүд эмэгтэйлэг шинжтэй болж байгааг хөндөхөөс өмнө нэгэн судалгааг хүргэе.

Манай улсад насанд хүрсэн хүмүүсийн нас баралтын хоёр дахь үндсэн шалтгаан нь хорт хавдар. Жилд 3000 орчим хүн энэ өвчнөөр өвчилдөг гэсэн судалгаа бий. Үүнийг хүн амын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт. Түүнчлэн хорт хавдраар өвчлөгсдийн 60-70 хувь нь хожуу үедээ хүрсэн буюу бүр эмчлэгдэхгүй оноштой байдаг байна.

Судалгаанд хорт хавдар үүсгэгч гадаад хүчин зүйлүүдээс архи, тамхитай холбоотой 20, бие махбодийн нөхөн төлжилтөөс 10, бусад хүчин зүйл 25 хувийг эзэлж байна. Харин хүнс тэжээлтэй холбоотой нь хамгийн өндөр буюу дангаараа 45 хувийг эзэлж байгаа юм. Энэ 45 хувийн дийлэнх нь мал болон амьтны гаралтай махнаас үүдэлтэй болохыг эрдэмтэд тогтоожээ.

Бид малын махнаасаа яагаад хордож

байна вэ?

Бид малын махыг хамгийн органик, эрүүл, аюулгүй гэдэгт итгэж ирсэн. Гэтэл яагаад хордох болов. Нэгдүгээрт, эмийн бүртгэл мэдээллийн үйл ажиллагааны хяналт маш муу байдагтай холбоотой гэнэ. Нөгөө талаас малын эмийн чанарын хяналт, шалгадаг лаборатори муу. Мах, сүүний эрүүл аюулгүй байдлыг эмээр, вакцинаар дамжуулж хордуулж байдаг аж. Түүнчлэн зориулалтын дагуу малд эм, вакцин хэрэглэсэн ч гэсэн тодорхой хугацаа өнгөрсний дараа хүнсэнд мах, сүүг нь хэрэглэх ёстой. Гэтэл монголчууд гурав хоногийн дараа сүүг нь зарчихсан, махыг нь идэж байх жишээтэй. Энэ байдал нь дам утгаараа ямар нэгэн өвчин эмгэг үүсгэхэд голлох нөлөө үзүүлж буй шалтгаануудын нэг аж. Малын мах, махан бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүн дэх эмийн үлдэгдлийн хяналтыг хийж чаддаггүй. Хоёрдугаарт, зах зээлд нийлүүлж байгаа мах, сүүг зарж байгаа малчин ч, ченжүүд ч шинжилгээнд өгч хянуулдаггүй. Захуудад жижиг лаборатори байдаг ч хүчин чадал муутай. Энэ нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, өвчин үүсгэгч болж байна. Гэтэл бид аажуухан дамаар хордуулаад байгаа хордлогыг авч хэлэлцдэггүй. Энэ мэтээр эмийн замбараагүй хэрэглээнээс экологийн цэвэр бүтээгдэхүүнээ хортой болгочихож буй юм.

Тахианы мах

хүний биед хор болсон түүх

Тахианы цээж мах сайн гэх ойлголт анх Америкаас дэлгэрсэн. Үнэхээр ч уургаар баялаг нь үнэн. Энэ хэрээр дэлхий нийтэд тахианы махны хэрэгцээ эрс нэмэгдсэн. Тиймээс фермерүүд, үйлдвэрүүд эрэлтийг хангахын тулд тахианд элдэв гормон, антибиотик хэрэглэж эхэлсэн байдаг. Үүнээс болж тахианы мах бас хүний биеийг хордуулагч бодис агуулах хэмжээнд хүрчээ. Саяхны нэг жишээг онцолъё. Түргэн хоолны “KFC” сүлжээ рестораныг антибиотик тарьсан тахианы махаар үйлчлэхээ зогсоохыг АНУ-ын иргэд саяхан шаардсан. Иргэд нийт 350 мянган хүний гарын үсгийг цуглуулан “KFC”-гийн толгой компани болох “Yum! Brands”-т хүргүүлжээ. Тахианы өсөлтийг хурдасгаж, өвчнөөс сэргийлэх зорилгоор антибиотик тарьсны уршгаар АНУ-д жилдээ 23 мянган иргэн амиа алддаг гэж эрүүл мэндийн судлаачид тооцоолсон байна. Тиймээс зоогийн газрууд энэ төрлийн тахиаг хэрэглэхээс татгалзаж эхэлжээ. Харин “McDonald’s” АНУ, Канад дахь салбартаа антибиотик тарьсан тахиа ашиглахаа зогсоохоор болсон ч “KFC” дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа юм.Тэгвэл эрдэмтдийн хамгийн сүүлд гаргасан судалгаагаар тахианы мах хүний биед хортой байж магадгүй гэсэн үр дүн гарсан байна. Эрүүл амьдралын төлөө Жон Хопкинс төвийн эрдэмтэд тахиаг өсч, хөгжихөд зориулан хэрэглэдэг химийн бодис болон антибиотикт шинжилгээ хийж үзсэн байна. Амьтанд хэрэглэхийг хориглосон антибиотик, түүн дотор агуулагдах хүнцэл гэх элемент, Тайленол, Бенадрил зэрэг толгойны эмийн хольц байгааг илрүүлсэн байна. Гэхдээ хүний амь насанд шууд нөлөөлөх химийн бодис олдоогүй ч аажимдаа нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Антибиотик ба эмэгтэй дааврын хэмжээ

Малын болон амьтны гаралтай махнаас гарч буй хүнцэл гэх элемент нь антибиотикийн төрлийн вакцин, эмнээс үүсэлтэй болох нь нэгэнт тогтоогдоод байгаа юм. Энэ элемент дотор хүний эрүүл мэндэд хортой бодис агуулагдаж бамбай булчирхайн дааврын бодисын солилцоонд өөрчлөлт оруулдаг төдийгүй эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Энэ нь ялангуяа Япон, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй болон голдуу Азийн орнуудад ихээр элбэгшиж буй гэнэ. Аажимдаа энэ өөрчлөлт нь бий болдог бөгөөд эхлээд эмэгтэй дааврын хэмжээг ихэсгэдэг аж. Ингэснээр эр хүний дотоод сэтгэлгээ өөрчлөгддөг гэнэ. Дараа нь гадаад төрх, биед нь энэ өөрчлөлт орж турьхан болж ааш араншин нь хувирамтгай болдог гэнэ. Эцэст нь нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа нь алдагддаг байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалантай энэ талаар ярилцлаа.

-Сүүлийн үед эрэгтэйчүүд эмэгтэйлэг болох хандлагатай болж байна. Энэ нь антибиотикийн зохисгүй хэрэглээтэй холбоотой гэх юм. Мэргэжлийн хүний хувьд та юу гэж үзэж байна?

-1990-ээд он болтол бид социалист нийгэмд амьдарч байсан. Харин одоо ардчилсан нийгэмд амьдарч байна. Өнөө цагт ёс зүй болон хувь хүнд өгөх шаардлага өөрчлөгдсөн шүү дээ. Тэгэхээр хүний бэлгийн амьдрал бол тухайн хүний асуудал. Энэ байдалд хандах хандлага багагүй өөрчлөгдчихсөн. Энэ утгаараа нийгэмд ямар нэгэн цензур байхаа больсон. Нэг үгээр хэлбэл, манай нийгэмд эрх чөлөө, хүн байх зааг алдагдаж байна. Сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэй даавар ихэсгэдэг бодисын хэмжээ хоол хүнсэнд ихэссэн гэдгийг нотлох болсон. Тиймээс энэ байдлаас шалтгаалж эрэгтэй хүмүүс эмэгтэйлэг болох хандлага ажиглагдаж байгааг үгүйсгэхгүй. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудад илүү түгээмэл харагддаг.

-Тэгэхээр энэ нь хоол хүнснээс шууд хамаарах болсон гэсэн үг үү?

-Эр хүний эрэгтэйлэг шинж чанар нь буурч байна. Энэ нь хоол хүнснээс болж байна. Далд хэлбэрээр аажимдаа ийм болж байна. Эрэгтэйлэг шинжээ алдсан эрчүүд эмэгтэйлэг шинж рүүгээ хувьсан өөрчлөгдөж байж болох юм.

-Хүмүүс антибиотикийн хор нөлөөг тэртэй тэргүй эмнээс авч байдаг. Үүнийг эртнээс шинжилж тогтоолгож болдог уу?

-Ампициллин, ципозелин зэрэг эм уухад тухайн хүний өвчин эдгэж буй мэт санагдаж болох авч ихэнх бактерийн 70-90 хувь нь устдаггүй. Тиймээс ханиад хүрсэн ч ямар нянгаар үүссэнийг тогтоож зориулагдсан антибиотик хэрэглэх ёстой. Бактерилогийн шинжилгээ өгөх ёстой. Энэ шинжилгээний хариу гурав хоногийн дотор гардаг. Дүүрэг болон гурав дахь шатлалын эмнэлгүүдэд хийгддэг.

-Нянгийн тэсвэржилт нь хүний идэж буй хоол хүнсээр дамжих уу?

-Олон улсын судалгаагаар антибиотикийн тэсвэржилтийн аян зөвхөн хүнд биш мал эмнэлэгт явуулах ёстой гэж үздэг. Эргэн тойронд явж буй нян зөвхөн хүн биш малд халдварладаг. Малд тодорхой зохицсон антибиотик хийх ёстой. Мах болон хүнсэнд хэрэглэхэд нөлөөлөхгүй. Мал амьд организм учраас эргэлдэж буй нянгууд тэсвэржилт үүсгэх магадлал байдаг.

-Антибиотикийн зөв зохистой хэрэглээ гэж юуг хэлээд байгаа юм бэ. Тухайн хүн юун дээр анхаарах ёстой вэ?

-Өнөө үед дэлхий нийтээр антибиотикийн тэсвэржилтийн асуудлыг ярьж байна. Учир нь 1940 онд анхны антибиотик болох пенициллинийг хийсэн байдаг. Энэ нь тухайн үед бүх бичил организмд хүчтэй үйлчилж, ирээдүйд ихэнх өвчинг төгс анагаана гэж ярьж байсан. Бичил организм өөрөө маш түргэн хугацаанд тэсвэртэй, дасан зохицож чаддаг. Харин сүүлийн үед гарч буй шинэ антибиотикуудыг хэрэглэснээр бичил организмд маш хурдан хугацаанд тэсвэржилт үүсэж байна. Үүний үр дагавар нь хатгаа, менингит, бактерийн нянгаар үүсгэгддэг бүх халдварууд юм. Тиймээс эдгээр өвчинг эмчлэхэд маш хэцүү, хүндрэлтэй байдаг.

-Сүүлийн үед антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэж ямар өвчин түгээмэл байна вэ?

-Эмнэлэгт олон эмийг хольж хэрэглэсний хор уршгаар ирж буй хүмүүс маш их байна. Тухайлбал, хатгаа нэлээн хэдэн жилийн өмнө пенициллин уугаад дарагдчихдаг байсан. Гэтэл одоо хатгааг үүсгэж буй үүсгэгч нь олон янз. Тэдгээр үүссэн бактерууд ямар ч антибиотик уусан маш тэсвэртэй байна. Тиймээс хатгаа авсан хүнийг эмчлэхэд гарах сөрөг үр дагавар ихтэй. Ер нь ямар нэг өвчин туссан л бол заавал эмчид хандаж, эмчийн заавраар эм хэрэглэж байвал сөрөг үр дагавар гарахгүй.

-Манай улсад антибиотикийг хэрэглэх журам заалтыг эмч болон эмийн сангийн байгууллагууд дагаж мөрддөг болов уу?

-Ямар өвчинд ямар антибиотик хэрэглэх вэ гэдэг удирдамж гарсан. Тиймээс бид эмч хүний үүднээс байнга зөвлөж, зөв цагт нь зөв эм антибиотик хэрэглэж байж манай улсын эмийн зохистой хэрэглээнд шилжиж чадна. Нэгдүгээрт, эмч нар антибиотикийнхоо зөв зохистой хэрэглээг анхаарч ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт, иргэд өөрсдөө дурын антибиотик авч хэрэглэхгүй байх ёстой. Үүнийг заншил болгомоор байна. Заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, жорын дагуу хэрэглэх хэрэгтэй. Гуравдугаар эмийн сангууд орлого хөөж болохгүй. Энэ нь цаашлаад хүний амь настай холбоотой асуудал шүү дээ.

-Амьд организмд үүсч буй нянгийн тэсвэржилт гэж юу вэ?

-Нянгийн тэсвэржилт хүнд байгаа нян хэд дахин үржээд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүн халдвар авсан тохиолдолд тэсвэртэй байгаа нян дээр нэмэгдээд өвчин үүсээд байна гэсэн үг. Хүн нэгэнт л өвчин туссан байхад өөрөө мэдээд хэрэггүй антибиотик хэрэглэх нь өөрийгөө хэд дахин хорлож байгаа юм. Учир нь антибиотик үнийн хувьд өртөг өндөртэй шүү дээ. Тиймээс нэг л удаа зөв цагт, зөв аргаар, зөв жороор өөрийгөө эмчлүүлчих юм бол олон өвчнөөс сэргийлж чадна.

Д.Маргад Б.Уранчимэг