2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 2012 онтой харьцуулахад 61317 хүүхэд буюу 33,9 хувиар, 2015 онтой харьцуулахад 7,5 хувь буюу 16898 хүүхдээр нэмэгдсэн байна. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг улсын хэмжээнд 1.1 пунктээр нэмэгдүүлж 79.2 хувьд хүргэснээр 242,286 хүүхэд хамрагдаад байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 865, хувийн өмчийн 506, нийт 1,371 цэцэрлэгт 242,286 хүүхэд суралцаж байна. Үүнээс 44 хувь болох 106,711 хүүхэд Улаанбаатар хотод, 56 хувь болох 135569 хүүхэд хөдөөд байна.

 

Улаанбаатар хотод 625 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 106,717 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаагаас 23.6 хувь болох 25,165 хүүхэд хувийн өмчийн 404 цэцэрлэгт байгаа нь өмнөх оноос 11,252 хүүхдийг нэмж элсүүлжээ. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд шинээр 62,679 хүүхэд элсэхээс Улаанбаатар хотод 27,579, хөдөөд 35,100 хүүхэд элсээд байгааг дурдав.

Харин цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд цэцэрлэгийн барилгын асуудал гол хүчин зүйл болж байгааг салбарын сайд онцлоод одоогийн байдлаар улсын төсөвт 2016 онд тусгагдсан барилгаас нийт 585 хүүхдийн 6 цэцэрлэг, нийслэлийн төсөвт тусгагдсан барилгаас нийт 380 хүүхдийн 2 цэцэрлэг ашиглалтад ороод байна. 2016 онд багтаж улсын төсвийн хөрөнгөөр 16 цэцэрлэг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14, Япон Улсын тусламжаар 8, нийт 21 цэцэрлэг ашиглалтад орж, цэцэрлэгийн хүчин чадал 5375-аар нэмэгдэнэ. Мөн 2017 онд ашиглалтад орох нийт 850 хүүхдийн хүчин чадал бүхий 9 цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. Энэ 9 цэцэрлэгийн барилгын төсөв 2017 оны төсвийн төсөлд тусгагдсан.

Улаанбаатар хотын тухайд нийт цэцэрлэгийн 37 хувь болох 79 цэцэрлэгт нь хамран сургах тойргийн хүүхдүүд багтахгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн нийслэлд цэцэрлэггүй 27 хороо байгаа. Улаанбаатар хотод 2016 ондоо багтаж улсын төсвийн хөрөнгөөр 6, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14, Япон Улсын тусламжаар 1, нийт 21 цэцэрлэг ашиглалтад орж цэцэрлэгийн хүчин чадал 6700-аар, улсын төсвийн хөрөнгөөр он дамжин баригдах 2 цэцэрлэг 2017 онд ашиглалтад орж 175 -аар тус тус нэмэгдэнэ гэдгийг танилцуулав.

Мөн зөвхөн цэцэрлэг барих замаар асуудлыг шийдэхгүй нь тодорхой байгаа тул нэн шаардлагатай газарт л төрийн өмчийн цэцэрлэг барих, бусад тохиолдолд шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж тодорхой ажлууд эхлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлийн цэцэрлэггүй болон цэцэрлэгийн хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа хороодын хүүхдийг ашиглалтгүй сул суудалтай төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэснээр 3087 хүүхэд цэцэрлэгт явах боломжтой боллоо. Үүнийг цэцэрлэгийн барилга барих арга замаар шийдэнэ гэвэл 40 тэрбум төгрөг зарцуулж, 24 сар хүлээх байсан.

Түүнчлэн байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжсэнээр Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэргэдээ цэцэрлэгтэй болж ажиллагчдынхаа 100 хүүхдийн цэцэрлэгт хамрууллаа. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам дэргэдээ цэцэрлэг байгуулахаар ажиллаж байна. МУБИС дэргэдээ цэцэрлэг нээсэн байна. Холбогдох эрх зүйн орчныг нь бүрдүүлбэл байгууллагын дэргэдэх цэцэрлэг нэмэгдэх нөөц боломж байна.

Засгийн газар байгуулагдсан эхний сард цэцэрлэгийн хомсдлыг шийдвэрлэх талаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасны нэг нь 9-өөс дээш давхар барилгын зураг төсөлд цэцэрлэг төлөвлөж байх, орон сууцны хороолол, хотхоны ерөнхий төлөвлөлтөд цэцэрлэг, сургуулийг тусгаж байх талаар Барилга, хот байгуулалтын яаманд даалгасан гэдгийг онцоллоо.

Салбарын сайд Ж.Батсуурь: Хотын томоохон дүүргийн хүн амын нягтралыг харгалзан суургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барихад Засгийн газар, салбарын яам онцгой анхаарч байгаа. Зөвхөн ирэх онд концессын гэрээгээр 32 барилга байгууламж эхлүүлэхээр шийдвэрлэснээс 29-ийг нь Улаанбаатар хотод барихаар болсон. Эдгээр барилгын 9 нь Сонгинохайрхан, 7 нь Баянзүрх дүүрэгт баригдах юм. Сүүлийн жилүүдэд цөм хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр боловсролын стандарт хэрэгжихээ больсон байсан тул хуулийн дагуу боловсролын стандартыг боловсруулж мөрдүүлэхээр шийдвэрлэж, энэ чиглэлээр ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа. Мөн салбарын хэмжээнд 376 дуусаагүй барилга байгаа, үүний 70-аад нь ирэх онд ашиглалтад орох боломжтой. Дуусаагүй барилга, зайлшгүй засварлах шаардлагатай барилгуудын жагсаалт, судалгаа бүртгэлийг нэгтгэж гаргахаар яамны зүгээс анхаарч ажиллаж байна. Гэхдээ барилга захиалагч, засвар үйлчилгээний чиг үүрэг, эрх мэдэл нь манай яаманд биш Барилга, хот байгуулалтын яаманд байдаг учраас асуудал үүсгэдэг тал бий. Иймээс энэ асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх бодолтой байгаа гэдгээ хэллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хүүхэд харах үйлчилгээний стандартын дагуу одоогоор 29 газарт шалгалт хийхэд батлагдсан стандартыг мөрддөггүй, үйлчилгээ нь стандартын шаардлага, түвшинд хүрээгүй, барилгын халаалт, хүүхдийн аюулгүй орчин хангагдаагүй, хоолны чанар, хүртээмж муу, хүүхэд харагчид нь шаардлага хангахгүй байгаа зэрэг олон зөрчил дутагдал илрээд байна. Салбарын яамны тухайд хүүхэд харах үйлчилгээг цаашид үргэлжлүүлэхийн төлөө байгаа, гэхдээ энэ үйлчилгээний стандартыг бүрэн хангасан, хүүхэд аюулгүй орчинд сурч хүмүүжих нөхцөл бүрдүүлсэн байх шаардлагыг л тавьж ажиллах болно. Ажлын хэсгийн дүгнэлт ирэх сарын дундуур гарах байх, энэ үед асуудлыг Засгийн газарт танилцуулж шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг өргөн мэдүүлэх болно гэв.