Манай сайт 2016.10.24-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооноос өчигдөр шатсан цогцос олдсон талаар мэдээлж байсан билээ. 

  Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа бөгөөд  уг хэрэгтэй холбоотой мэдээллийг  цагдаагийн байгуулага авч байгаа талаар бид мэдээлсэн.

Цогцос олдсны маргааш нь  буюу 2016-10-25-ны өдөр Яармагийн гүүрний доор  35-40 орчим насны эрэгтэй толгойн тус газраа өөрийгөө буудсан байна. Хэргийн газраас  ТОЗ-8 маркийн бууг  хураан авчээ. Өөрийгөө буудсан этгээдэд эмнэлэгийн тусламж үзүүлэн сумыг толгойноос нь авсан байна. Гэвч шархаа даалгүй нас барсан талаар бид мөн мэдээлсэн.

Тэгвэл  цогцос шатсан хэргийг өөрийгөө буудсан этгээд зохион байгуулсан байх магадлалтай байгаа ажээ.  Тодруулбал  өөрийгөө буудсан этгээд 300 000 000 төгрөг бусдаас залилсан хэргээр шүүхэд шалгагдаж байжээ.  Улмаар  өөрийгөө бусдад алагдсан мэт харагдуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хэн нэгний цогцсыг шатааж хэргийн газарт өөрийнхөө гадаад пасспорт болон гар утас зэргийг үлдээжээ.  Улмаар  энэ үйлдэл нь бүтэлгүйтээд ирэхийн цагт өөрийгөө буудан хороосон байх магадлалтай байна.  

Одоогоор энэ хэрэг тун ээдрээтэй болж байгаа учир нь өөрийгөө буудан хороосон этгээдийн ашигласан шатсан цогцос хэн болох нь одоог хүртэл тодорхой болоогүй байгаа.

Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.