Жүжигчин Т.Карма миний бие сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нэг талыг барьж нэр төрд халдсан мэдээллийн хариуд мэдэгдэл хийж байна.

Миний бие Монголын урлагт насаараа зүтгэж 1000 гаруй кинонд дуу оруулсан, олон түмэндээ танигдсан уран бүтээлч хүн. Улсын Багшийн Дээд сургуулийн кино драмын ангийг төгссөн, сурган, сэтгэл зүй үзсэн хүний хувьд, хойч үеийнхнийхээ хэл яриа, харилцааны чадварыг хөгжүүлэх юм сан гэж олон жил бодож явсан эх хүний хувьд 2016 оны 6-р сарын 1-нээс сургалтын төвөө ажиллуулж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд намайг зорьж ирсэн 200 гаруй хүүхэдтэй ажиллаж авиа зүйн буруу зуршил, ярьж чаддаггүй хүүхдийг ярьж чаддаг болгосон, ээрүү гацаа хүүхдийг зассан гэх мэт олон үр дүнд хүрээд байна.

Би хүүхдийн төлөө 12 удаагийн хичээлээ сунгаж ажиллах, хүнд амьдралтай хүүхдүүдийг төлбөргүй хамруулах, хөнгөлөлт үзүүлэх, цаг хоног сунгах ч тохиолдол их гардаг. Миний ажил хүнд бөгөөд амаргүй ажил, зарим үед би өөрийн эрхгүй сөхрөх үед, үеийн настай найз нөхөд минь намайг хараад биеэ бодоорой найз минь гэж үргэлж хэлдэг. Ядарч ядарч сайхан болсон хүүхдээ хараад бүх ядаргаа арилсан байдаг. Би сэтгэлээрээ хүн, ясны хөдөлмөрч учраас маш их тэвчээр зааж ажилладаг гэдгээ бас хэлмээр санагдлаа.

Энэ мэдээнд цацагдаж буй хүүхэд манай сургалтанд 2 сарын өмнө ирж байсан бүртгэл надад бий. Эцэг Чимиддондог нь тухайн үедээ надад гомдол гаргаагүй атлаа мэдээллийг дарж, 2 сарын дараа зориуд зохион байгуулалтайгаар Ийгл ТВ-тэй хамтран, өөрөө буруу харж суун, нэрээ нууцлан ярилцлага өгч, сэтгүүлчийн давуу эрхээ ашиглаж нэг талыг барьсан мэдээлэл цацсан нь сэтгүүлч хүний ёс зүй мөн үү?

Ажлын явцад миний цөхрөнг барсан ганцхан хүүхэд бол энэ мэдээлэл цацагдаад буй Чимэддондогийн хүү байсан. Инээдтэй нулимстай, баяртай хөөртэй, гомдсон, баярласан гээд л би тэдэнтэй хүүхдийн сэтгэлээр ханддаг. Зарим үед өөрөө ч уйлж байсан тохиолдол бий. Тэгж хичээж байж, овоо болгосон хүүхдээ хараад, сэтгэлд нар гийх шиг л болдог. Би тийм л “нар”-ыг Чимэддондогийн хүүгээс харахыг хүссэн. Тэр хүүхэд бол 5 настай балчир биш, 5-р ангийн сурагч, багшийн үгийг ойлгохтойгоо болсон өсвөр насны хүү. Хэл ярианы хөгжил муутай л болохоос оюуны хомсдолтой, эмзэг хүүхэд ч биш. Дунд сургуулийн 5-р ангийн сурагч ямар түвшний мэдлэг, чадвартай байдгийг эцэг эхчүүд мэднэ. Хэрвээ нууцаар бичсэн бичлэгийг бүгдийг нь сонсвол аргадаж эхлээд аргаа барж цөхөрсөндөө аашилсан багш хүний дүр л харагдана. Гэтэл бухимдсан хэсгийг нь зориудаар эвлүүлж тавьж, олон нийтэд миний нэр төрийг нь гутаах сэтгүүлч хүний ажил гэж үү?

Тухайн өдөр тэр хүүхэд аавынхаа даалгавараар диктофон зүүчихээд орж ирсэн учир, огт ингэдэггүй байсан атлаа уур, цухлыг минь хүргэх гэж зориудаар хэлээ хөдөлгөхгүйгээр зангируулаад хөдөлгөхгүй байсан юм билээ. Хичээлийн дараа нь миний бие муудаж, зүрх салгалаад, уул нь ийм хүүхэд биш л юмсан, ямар сонин юм бэ гэж гайхаад өнгөрсөн.
Хэрвээ би үргэлж хүүхэд загнаад, дарамтлаад байдаг бол энэ олон эцэг эх, ийм олон хүүхэд над дээр ирэхгүй шүү дээ. Миний талаар таагүй мэдээлэл цацагдаад энэ олон хонож байхад ахиж ямар ч эцэг эхээс хүүхдийг нь загнасан, дарамталсан гэсэн гомдол гарахгүй байгааг та бүхэн бэлхнээ харж байгаа байх. Дахин хэлэхэд сургалтанд минь нэг ч гомдсон хүн байхгүй. Баярласан талархсанаа хэлж нүүр дүүрэн мишээгээд гардаг эцэг эхчүүдийг хараад би ч бас баярладаг. Хүүхдээ буруу хүмүүжүүлчихээд аргаа барсан эцэг эхчүүд зорьж ирээд, “манай хүүхэд бүүр үг сонсохоо байчихаад байна, хүүхдийг минь сайн загнаад өгөөрэй, загнуур дутаад байгаа нөхөр” гэж гуйдаг тохиолдол ч байдаг.

Тухайн бичлэгт хүүхэдтэй цаг гаруй харилцаж байгааг зориуд эвлүүлэн тавьсан байсан. Уг эвлүүлэгт орсон байгаа зарим үгүүдэд тайлбар хийж байна. “Лалар” гэдэг үгийн хувьд Л, Р үсэг байрлалын хувьд хамааралтай учир лрлээ- илэрлээ, лрлаа- лаларлаа, болор- болорлоо, лалар, баярлалаа гэх зэрэг үгийг ашигладаг. Лалар гэдэг үг бол самгард гаралтай, цохон дээрээ ганц нүдтэй бурхны нэр бөгөөд Монголын нууц товчоонд Духан дээрээ ганц нүдтэй Дува сохор гэж гардаг шүү дээ. Орчин үед энэ үгийг доромж утгаар нь хэрэглэдэг болжээ. Миний хувьд энэ үгийг сургалтандаа ашигласан болохоос доромж утгаар ашиглаагүй. Мөн хэлний байрлалыг засахын тулд халбага мод хэрэглэдэг. Эмнэлэг дээр хүүхдийн хоолой үзэхэд модон халбага ашигладаг шүү дээ. Үг хүлээж авахгүй болохоор нь бухимдсандаа барьж байсан сургалтын хэрэгсэл буюу модон халбагаа “гударчихмаар” гэж хэлдэг нь санаандгүй үг. Сургалтанд ашигладагийг нь мэддэггүй хүмүүст буруу утгаар ойлгогдох нь аргагүй ээ. Сургалт авсан эцэг эхүүд энийг сайн ойлгож байгаа. Өөрснөө надад халбага модоо авчирж өгдөг.

“Ийгл ТВ-р тэнцвэргүй нэг талыг баримталсан мэдээлэл цацагдах гэж буйг мэдээд тайлбар хийхээр очсон боловч, мэдээний албаны ерөнхий редактор Хулан намайг уурлаж загнасан, сэтгүүлч Болортуяа уулзахгүй зугтаасан. Ийгл ТВ-ийн захирал Бадамдорж нь “Та нэгэнт хар мэдээгээр тэнцвэргүй мэдээлэлтэй гарчихсан юм чинь одоо цагаан мэдээгээр гарчихвал тэнцвэржчихнэ” гэж тайвшруулж хэлж байсан. Би ямар хараар будаж нэг гараад, цагаанаар будаж нэг гардаг Ийгл ТВ-ийн мэдээний цаг бөглөдөг хүүхэлдэй юм уу. Би дахиж хэзээ ч цагаан мэдээгээр нь орохгүй, ТВ-ээр нь гарахгүй гэдгээ мэдэгдэж байна.

Ажлын ачаалал, ядаргаандаа цухалдан тамирдахдаа бухимдсан үгнийхээ төлөө би түмний өмнө уучлалт гуйж байна. Харгис хэрцгий, хар сэтгэл надад байхгүй. Ер нь багш хүүхдээ өөрчлөгдөөсэй, өөрийгөө дайчлаасай гэсэндээ загнаж зэмлэдэг шүү дээ. Загнуулж, зэмлүүллээ гээд хүн муу явдаггүй ээ. Би үнэхээр хүнийг доромжилж, басамжилсан бол шалгадаг газар нь шалгуулж, хариуцлага тооцуулахад бэлэн байна. Харин сэтгүүлчийн эрх мэдлээ ашиглаж хүнийг гутаан доромжилж байгаа нь ёс зүй мөн үү?

ҮНЭН ҮРГЭЛЖ ҮНЭНЭЭРЭЭ ҮЛДЭЖ, АТГАГ МУУ САНАА САЛХИ МЭТ ЗАМХРАХ БОЛТУГАЙ!

МУГЖ. хэл ярианы урлагийн багш Т.Карма
2016 оны 11-р сарын 14