Улсын онцгой комисс хуралдаар ирэх саруудын цаг агаарын нөхцөл байдал, Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцэж буй юм.

Энэ талаар Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Эрдэнийн мэдээлсэнээр сүүлийн 10 жилд тохиолдоогүй хүйтэн болох аж.
 

Тэрбээр "Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд арваннэгдүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байна" гэж хэллээ.

Үүнтэй холбоотойгоор энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж, харагдац муудаж, хальтиргаа гулгаа нэмэгдэж, хээр гадаа байх тохиолдолд хөлдөж осгож болзошгүйг анхаарууллаа.

Мөн энэ сарын 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-аас -40 хэм хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжид хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байгаа аж.