Нийслэл хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 696 гэмт хэрэг үйлдэгдэж дээрх гэмт хэрэгт 645 иргэн өртөж хохирсон байна. Гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн 584 буюу 90,5 хувь нь эмэгтэй хүн, 27 буюу 4.3 хувь нь хүүхэд, 34 буюу 5,2 хувь нь эрэгтэй хүн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн хэргийн 241 буюу 34,6 хувь нь согтуугаар, 38 буюу 5,4 хувь нь эмэгтэй хүн оролцож, 6 буюу 0,8 хувь нь бүлэглэн, 4 буюу 0,5 хувь нь гадаадын иргэд үйлдсэн байна.

Энэ онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас 2 хүн нас барсан өмнөх оны мөн үеэс 9 нэгжээр буюу 5 дахин буурсан.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарын утсанд 2016 оны эхний 10 сард 599391 дуудлага, мэдээлэл ирснээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн ангиллын 13680 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь нийт дуудлага, мэдээллийн 2,3 хувийг эзэлж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл нийслэлийн хэмжээнд хоногт 20-45, сард дунджаар 1300 бүртгэгдэж байна.

Дүүрэг дэх цагдаагийн нэг хэлтэст хоногт дунджаар 8-10, сард 60-110 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байна.

Тус газрын гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг Түр хамгаалах байранд 2016 оны эхний 9 сард нийт 113 гэр бүлийн нийт 250 үйлчлүүлэгчийг хүлээн авч амь нас аюулгүй байдлыг нь хамгаалан ажиллажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд нь өөрсдөө хүчирхийлэл, дарамтад байгаагаа мэддэггүй, байх ёстой үйл явдал мэт хүлээж авдаг, хуулийн байгууллагад тэр бүр мэдээлдэггүй, гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана үйлдэгдэж удаа дараа давтагдан, хэн нэг нь гэмтэж бэртэн, амь нас нь хохирсон тохиолдолд хуулийн байгууллагад мэдээлэгдэж байгаа нь иргэдийн энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийн талаарх мэдээлэл дутмаг байгаатай холбоотой юм. Мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг жил бүр өсч байгаад ажилгүйдэл, ядуурал, архидалт нөлөөлж байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Тиймээс Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Хонх дарж, хаалга тогшъё” хөдөлгөөнийг санаачлан Нийслэлийн хэмжээнд 2016 оны 11 дүгээр сараас зохион байгуулж эхлээд байна. Нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлж, хүн бүрт хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, таслан зогсоодог байх ухамсар, дадал суулгаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд хөдөлгөөний зорилго оршиж байгаа юм байна.  Хөдөлгөөний хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг бодитойгоор тодорхойлж, хүчирхийллийн хохирогчийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх олон талт ажлыг зохион байгуулахын зэрэгцээ, иргэд олон нийтийн дунд байдаг гэр бүлийн маргааны талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Улаанбаатар хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хамгийн ихээр бүртгэгдсэн 27 хороог сонгон авч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтад хамруулах, гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрх ашиг нь хохирсон иргэдийг хамтарсан багийн хяналтад авч эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр олон талт ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хэрвээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгааг харж, мэдэж байгаа л бол  цагдаад дуудлага өгч энэ төрлийн гэмт хэргийг зогсоох хэрэгтэй.  Ингэснээр та бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлоос сэргийлж байгаа.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн  нэгдсэн мэдээллийн сан цагдаагийн байгууллага дээр үүсч байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэн бүхнийг тухайн бүртгэлд хамруулдаг. Бүртгэгдсэн этгээд дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл эрүүгийн хуулийн хариуцлага хүлээдэг байхыг удахгүй батлагдах Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулинд заасан байгаа.  Өөрөөр хэлбэл торгуулаад өнгөрөхгүй, саатуулагдах, шоронд орох юм.  Уг хуулийг  Засгийн газраас дахин өргөн барьсан. Цоорхойгүй хууль батлахын төлөө эмэгтэй гишүүд Канадад туршлага  судлаад явж байгаа харагдсан.  Уг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хэн бүхнийг бодоод УИХ-ын гишүүд түргэхэн шиг батлаад өгчихвөл дээр дурдсан тоо илт буурах болно...

А.Баярмаа