Засгийн газраас 100 хоногт хийсэн ажлынхаа тайланг тавих үеэр манай сайтын сэтгүүлч А.Баярмаа “Та бүхний хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад бүгд утас, бензиний мөнгөө өөрсдөө төлөх боломжтой харагдаж байсан. Та бүхэн дээрх хангамжаасаа татгалзаж чадах уу?” гэж асууж байсан.  Тухайн үед сайдуудыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Сөрөг хүчнийхэн дэмжээгүй” хэмээн улс төржсөн хариулт өгч байлаа.  Үүнд АН-аас эгдүүцэн  хариу мэдэгдэл гаргаж байв. Гэхдээ манай сэтгүүлч А.Баярмаагийн гаргасан энэхүү санал санаачлага ажил хэрэг болсон байна.  

Эдийн засаг хүндэрсэн тул дээр дооргүй хэмнэлтийн горимд шилжээд байгаа.  Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гар утасны хэрэглээний зардлаа төсвөөс төлүүлж байгаа 248 хүн цаашид өөрсдөө төлбөрөө төлж байх тухай Засгийн газрын тогтоол баталсан. Ингэснээр энэ онд батлагдсан төсөв 90 сая төгрөгөөр, цаашид жил бүр 265 сая төгрөг хэмнэгдэх тооцоо гараад байна. Дээрх  248 хүний 107 нь УИХ болон түүний харьяа байгууллага, 52 нь Засгийн газар, түүний харьяа байгууллага, 89 нь орон нутгийн төсвийн байгууллагын албан тушаалтан юм.

Засгийн газар 1999 онд “Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт, зардлын нормативыг шинэчлэн батлах тухай” тогтоол гарж байсан. Энэ дагуу Засгийн газар, агентлагийн эрх бүхий 20, нийслэл, зарим аймгийн Засаг дарга, түүний харьяа байгууллагын долоон удирдах албан тушаалтны гар утасны сарын нийт хэрэглээний зардлыг 65 мянган төгрөгөөр тооцож төсвөөс төлж байсан. Мөн тогтоолоор эрх бүхий албан тушаалтан 130 мянган төгрөгөөр гар утас худалдаж авахыг зөвшөөрдөг байсан юм. Энэ тогтоолыг Засгийн газрын өөчигдрийн хуралдаанаар хүчингүй болгосон.

Утасны төлбөрөөс татгалзах ажлыг Засгийн газраас эхлүүлсэн болохоор  Нийслэлийн Засаг дарга С.Батболд давлагаалуулаад нэр хүнд олохын зэрэгцээ хэмнэлт хийчих хэрэгтэй.  

Үүнээс гадна УИХ-ын гишүүд  хэмнэлт хийх хэрэгтэй гэсэн горимын саналыг манай сайтаас гаргаж байна. Тодруулбал  УИХ-ын гишүүдийн утас, бензин, машиныг  төрөөс даадаг. Тэдний цалин дээр хууль санаачилсан хэмээн хэдэн сая төгрөгийн урамшуулал олгодог.  Санаачилсан хууль нь батлагдсан тохиолдолд хуулиа сурталчил гэж мөн л хэдэн сая төгрөг өгдөг. Уг нь УИХ-ын үйл ажиллагаа нь хууль санаачлах, батлах. Өөрөөр хэлбэл ажлаа хийснийхээ төлөө УИХ-ын гишүүд урамшуулал аваад байгаа гэсэн үг. Урамшуулал нь нэг биш нэлээн хэдэн сая төгрөг. Тэгэхээр гишүүд ядаж хууль санаачилсан мөнгөн урамшууллаасаа татгалзчихвал улсын төсвөөс үлэмж их хэмжээний мөнгө хэмнэгдэх болно.  

УИХ, Засгийн газар нь энэ мэтээр татгалзаж болох зардлаасаа татгалзаад үлгэр дуурайлал үзүүлчихвэл хурган дарга нар нь дагаад хэмнэлт хийх болно...

М.Мөнгөн