Төв банкны дэд Ерөнхийлөгч гээд нэг дажгүй залуу (нэт дээр зураг нь байна билээ) байна. Америк долларын ханш өсөлтийн учрыг нүдэнд харагдаж гарт баригдтал сайхан тайлбарлажээ. Монгол улс ханшийн чөлөөт дэглэмтэй, энэ нь хуулинд тусгагдсан гэнэ. Төв банк ханшийн тогтвортой байдлыг хангахад анхаардаг гэнэ. Эрэлт нийлүүлэгтээс хамаарч эдийн засгийн суурь бүрэлдэхийг бодит ханш гэдэг юм байна. Монголбанк яс тооцоолж байгаад бодит ханшийг тогтоосон аж. Монгол нь америк доллароор нэг их тооцоо хийгээд байдаггүй атал яагаад ингээд байгаа юм болоо гээд Найман шарга дээр очоод шалгасан чинь тэд л энэ бузар үйлдлийг хийгээд байсан аж. Тэд валют арилжаанд жоооохооон хувь эзэлдэг мөртөө ийм муухай юм хийсэн байгаа юм даа. Үүнийг дэд Ерөнхийлөгч хууль бус ажиллагаа гэж шууд нэрэлсэн байна. Арилжааны банкаас америк долларын зээл аваад одоо шатаж байгаа зээлдэгч нарыг банктайгаа эрсдэл хүлээхгүй гэсэн нэмэлт гэрээ хийгээгүй учраас хохь нь гэжээ.Бодлогын хүүг том дүнгээр нэмсэн учир их сайхан үр дүн өгч байгаа гэж байна. Энэ болгоныг Монголбанк бодоод л ажиглаад л тооцоолоод л байгаа юм байна. Дэд Ерөнхийлөгчийн хэлснээр нэг л их боддог тоцоолдог "Монголбанк" гээд өөрт нь хамаагүй нэгэн сүбъект байдаг бололтой, харин хаяг, дүр төрх, яаж боддог зэргийг нь нуугаад хэлсэнгүй.
   
Уг нь тун энгийн үнэн бол монгол төгрөгийг араас нь баталгаажуулах хөрвөх валют, эсвэл баталгаажсан үйлдвэрлэл, алт зэрэг үнэт металл, үнэт чулуу, урлагийн үнэт бүтээл гээд дэлхийн зах зээлд баталгаажсан чөлөөтэй хөрөвдөг зүйл Төв банкинд байхгүй хэрэг юм. Заавал америк доллар гээд байх юмгүй, юань, иен, канад ч болно австрали хонконг ч хамаагүй доллар, евро, стэрлингийн фүнт гээд чөлөөтэй хөрөвдөг бол ямар ч валют болно. Аль нь ч байхгүй учраас аймаар мундаг бодоод л ажиглаад суудаг Монголбанк яах ч юм билээ. Буруугаа хэзээ ч хүлээдэггүй монгол зангаараа америк доллар гаарлаа л гэх. Иен, юань, тайвань доллар тэгээд "гаарахгүй" байгаа юм уу? Монгол төгрөгтэй харьцуулахад орос рубль ч гаарч л байгаа бус уу? Ер нь тэд гаараагүй төгрөг унаад байгаа юм биш үү? Америк доллар гээд онцлон чичлэх юмгүй, бүх гадаад орны валют гаарч барьсан ч юм байхгүй мөрөөрөө байрандаа байгаагаар барахгүй монгол төгрөг яаж онхолдож байгааг огт анзаараагүй сууж байгаа.
   
Монгол улс ханшийн чөлөөт дэглэмтэй гэх, Найман шарга валют арилжаанд жооохоон хувь эзэлдэг гэх - тэгээд мань Монголбанк бодоод бодоод, ажиглаад ажиглаад тэр муу жоохооонд чадуулчхаж байгаа нь хэний буруу вэ? Ханшийн чөлөөт дэглэмтэй юм бол бодож олсон бодит ханшаараа америк долларыг борлуул гэж арилжааны банкуудыг шахдаг нь яаж байгаа юм бол? Банк арилжаа хийж ашиг олдог болохоор "бодит ханш"- аас илүү үнээр зарахыг хичээнэ - тэгэхээр яахав, цагдаа аваачиж хянуулах уу? Жоохоон Найман шаргаас бүр жооохооон гадаадын элчин сайдын яамдуудын визийн хураамжийг монгол төгрөгөөр үйлд гэж зарлигддаг нь америк долларын гааралтын эсрэг тэмцэл үү? Ингэж болдог юм бол Хойд Солонгосоос Ким Ир Сэний цээж зурагтай визний "хатуу валют" ихээр орж ирэхнээ дээ? Бас Оросоос, Вьетнамаас, Лаосоос, Болгараас... "Америк долларын хадгаламж их байгаа учраас хүүг нь тэглэе" гэсэн хөдөлгөөн улам хүчээ авч байна. Бодвол Монголбанк хэмээх сүбъект бодож олсон бололтой. Тэглэхээ байг гэхэд хүүг нь тэг рүү ойртуулахаар ярилцаж буй. Юмыг өргөнөөр сэтгэдэг лут мэдлэгтэнгүүд болохоор хүү бууруулах бодлогыг ганц америк доллар төдийгүй хятад юань, евро зэргээр өргөтгөх саналтай. Тэгэнгүүтээ хадгаламжийн америк доллароо банкнаас аваад гэртээ гудсан дороо нуучхана гэсэн өөрийнх нь далд санааг бусад хадгаламж эзэмшигчид бодоогүй гэж бодож байгаа юм байх даа? Бүгдээрээ зэрэг зэрэг банкнаас валютаа татахаар банк нэг дор төлж чадахгүй дампуурах бус уу? Гэх мэт, гэх мэт...
   
Валютийн нөөцгүй болж, "ноён" гэж цоллогдох өөлгүй муу америк доллар их гаарч байгаа нь Ардчилсан намаас болсон учир дэлхий даяар энэ намыг шившиглэн орох газаргүй болгож, түүхэнд мөнхөд хараар бичигдэхээр болгож дөнгөлөө. За энэ ч яахав, нэг талаас түүхэн аугаа амжилт. Одоо тэгээд яах вэ? Хятадууд 2-4 тэрбум америк доллар өгнө гэсэн цууг өөрснөө тараалаа. Тэгвэл сайн л даа. Ардчилсан намын гэмт хэргийн шинжтэй өөдгүй муухай баабаа үйлдлийг хятадууд хариуцахнээ дээ? Тэгээд л ах дүүгийн гараа сунгаад л, тээ? Яахаараа хятадуудыг тийм тэнэг, мулгуу, гэнэн гэж бодоод байгаа юм бол? ОУВС 1,5 тэрбум доллар өгөх талаар цуурлаа. Болбол хоёуланг нь зэрэг хусчих санаатай мэдээллийн хэрэгслэлээр захиалгатай баахан суртал нэвтрүүлэг явуулав. Тэнгэр бурханаас гаралтай, хошногон дээрээ гарал үүслийг нь цэнхрээр бичиж тамгалсан монголчууд юм хойно аль алийг нь зальдчиж дөнгөнө гэж бодоод буй бололтой.
   
Төсөөлье: Ихэнх оршин суугчид нь хот нүүгээд, цөөн айл үлдэн хаягдсан захын нэг ядарсан сумын төвд нэг арчаагүй эр амьдардаг байжээ гэж бодъё. Эхнэр нь хэдэн хүүхдээ аваад салаад холоо явчихсан. Мань ядарсан эр хүн болгоноос мөнгө гуйсаар ойр орчмых нь бүр залхчихсан. Тэрээр ганц үйтэнхуаран дээлтэй ч таарсан болгонтойгоо барилдсаар байгаад салмайлгачихсан. Ганц морьтой боловч хэрээ мэдэхгүй ойр хавийн уралдаан болгонд оролцсоор байгаад бахардуулаад үхүүлчихсэн. Бийгээс гэртэй ч арчлахгүй байсаар цас бороонд идэгдээд хүн танихын аргагүй оромж овоохой болчихсон. Хааяа хот хүрээнээс жуулчин, айлчин, төлөөлөгч, дарга ирэхээр албатай юм шиг очиж уулзан мөнгө гуйна. Мөнгөөрөө яах гэж байгаагаа харин ч нэг сайхан бурна даа. Юун түрүүн эх орныхоо нэрийг гаргах гэж байгаа гэж эхлэнэ. Эх орныхоо нэрийг гаргаж яах ч гээд байгаа юм? Зээлэх мөнгөөрөө орчин үеийн үйлдвэр бариад цөлжсөн говьд цөөхөн үлдсэн ургамалаас хорт хавдар бүрэн эмчлэх эм гаргаад хүн тоолж барахгүй олон тэгтэй америк доллароор дэлхий даяар зарж борлуулах юм байх. Өнөөх ургамал нь бараг л үхсэн хүнийг босгож ирэх шидтэй ба жорыг нь эцэг өвгөд нь ам дамжуулан хойч үедээ нууцлан хэлж үлдээсэн аж. Уг нь эмээ гаргаад авчихвал шууд л Нобелийн шагнал авчихмаар боловч даанч одоохондоо хэдхэн америк доллар дутаад байгаа гэх. Гуйж байгаа зээлэх мөнгөө олон дахин нугалж эргүүлж төлөх гэнэ. Хэдийгээр тэрээр үнэхээр дөнгөж долоон жилийн боловсролтой боловч нэг хэсэг баяжих үедээ худалдаад авчихсан хувийн сургуулийн дипломоо мөнгө зээлэх баталгаа болгон духан дээрээ нааж харуулна. Уг нь тэр нэг хэсэг овоо мөнгөжсөн намтартай. Хэдэн жилийн өмнө эцгээс уламжилж ирсэн хөөргийг зараад хэсэг хугацаанд мөн ч өвчигнөсөн дөө. Урчихсан дээл, үхүүлчихсэн морио тэр цагт үнэ хаялцан байж авсан юм. Сум нь тоггүй атал хотоос асар том дэлгэцтэй нимгэн зурагт хүртэл зөөж авчирсан. Муугаа мэдэхгүй архинд дуртай гэж яана. Нэг хэсэг архи голж дагнан коньяк, виски, грэй гүүс гудардаг байлаа. Одоо тэндээс үлдсэн баахан хоосон шилийг зарах гэж гүйх ч авах эзэн олддоггүй. Тааралдсан хүн болгоноос мөнгө гуйж явдаг түүнд зээлэх хүн олдох уу?
   
Энхбаярын үед ганцхан тэрбум америк долларын Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй байсан манай ард түмэн цатгалдаж үхэх гэж байгаагаа ам уралдан зурагтаар хөөрөлддөг байсан бол эдүгээ 12 тэрбум долларын ДНБ-тэй мөртөө турж үхэх гэж байгаагаа гайхан савж унацгаана. Ингэхээр айлаас эрэхээр авдраа ухвал нэлээд нөөц байгаа бололтой. Их хэмжээний хадгаламж зүсээ хувирган америк доллар болсон нь үнэн ч байж магадгүй. Нэлээд мөнгө "офшоорт". Офшоортой хүнийг цаазлана, америк долларын хадгаламжтай бол хүүг нь тэглэнэ гэж мангасдаж байхаар эвтэй аргаар цуглуулчиж болмоор. Төрийн асар их алдагдалтай үйлдвэрүүдийг зөвхөн эх орны мов монгол төгрөгөөр үнэ дуудан зарвал болох мэт. Гудсанд нуусан америк долларыг нь төгрөг болгох өөр олон арга байна. Хот суурингийн, ялангуяа Улаанбаатарын сул газруудыг үнэ хаялцуулаач. Заавал Их хурлын их мангаруудаас асуулгүй Засгийн газар, хотын захиргаа үүнийг бие даан шийдчиж болдогийг Бат-Үүл яруу тодоор харуулсан шүү дээ. Хямарлаа л гэх, гэтэл ямар их америк доллар гудсан дор байдгийг харлаа. Тэгээд ч үнэ дуудахаар хаа хаанаа шударга. Нийгмийн салбарын хувьчлал гэж бөөн мөнгө. Үнэ дуудахаа больё гэхэд мэнэжмэнтээр өгчихөд л төрийн ачаалал эрс багасаж, нэмэр дээр нь хариуцлага үйлчилгээ нь сайжраад л явчхана. Заавал төр эмчилж, төр ном заахаар болдог, хувийнхан болохоор өвчтөнөө үхүүлээд л, хүүхдийг тэнэг болгоод байдаг хэрэг үү? Дээр өгүүлсэн ядарсан сумын ядарсан эр шиг төр баяжсан үедээ ямар их хэрэгтэй хэрэггүй тоног төхөөрөмж, машин сав авсан гээ. Эргүүлээд зараач, Гобсэк шиг илжиртэл нь хадгалж юугаа хийнээ! 50 сая хүнд үйлчилж хүрэх олон MRI -гаа хямдруулаад ядуу оронд зараач. Засгийн газар хэд хэдэн сайдаараа дамжуулан "Монголд болж буй эдийн засгийн хямралыг бид анхааралтай ажиглаж сууна" гэж албан ёсоор мэдээлсэн. Тэнэг юм шиг мэлийтэл ажиглаж алхайтал сууж байхаар ажиллаач. Тархиараа бардаггүй юм гэхэд ядахнаа булчингаараа.
   
Гадаадын хөрөнгө оруулалтыг дуудна гэж баахан хошгирууллаа. Мөнгөө оруулж ирэх гэж байгаа цаадуул чинь тарвага биш хүн юм болохоор шийрэлчихсэн цахиур буу шагайгаад хэвтэж байгаа монголчуудаас айгаад нүхнээсээ гарч ирэхгүй шүү дээ. 1988 онд Америкийн сансар судлалынхан Монголын нутагт 10 тэрбум баррелийн багтаамжтай хөндий байгааг илрүүлсэн. Ийм хөндий устай, нефттэй, байгалийн хийтэй эсвэл хоосон байж болдог гэнэ. Чухам юутайг нь өрөм тавьж хайгуул хийж мэддэг юм байна л даа. Дархан цаазтай гээд Их нуурын хотгор, Их говийн дархан газрын хөндийд хайгуул огт хийгээгүй. Дараагийн судалгаагаар Их нуурын хотгорт хоолойгоор зөөхүйц их нефть байж болох таамаглал хятадууд дэвшүүлээд Монголын төрөөс зөвшөөрөл аван хайгуул хийж эхэлжээ. Гэтэл увсынхан хүн амаа хятадтай эрлийзчиж магадгүй гээд хөөгөөд гаргачихсан.  Өөрсдийнхөө хөрөнгөөр хайгуул хийж байгаа улсыг аймагт, суманд, багт, иргэнд юу өгөх гэж байгаагаа хэлэхгүй байна гэсэн гомдол. Увсынхны ихэнх нь нүүгээд төвийн нутгаар суурьшчихсан болохоор нутаг жалгынхаа үзэсгэлэнт сайхан байгалийг сахин үлдсэн, Улаанбаатарын нэг байшингийн ганц орцонд багтахуйц "нутгийн эх орончид" төрийн шийдвэрийг эсэргүүцэн будаа болгож буй нь энэ.  Хайгуулчид буцахдаа хий зардлын 2 сая шахам америк доллароо олон улсын шүүхээр дамжуулан нэхнэ гэж заналхийлсэн. Мэдээж тэд дэлхийгээр нэг зарлана. Харин Монголын Засгийн газар үргэлж эх оронч охид хөвүүдийнхээ талд баттай байдаг болохоор чимээгүй өнгөрөв. Сингапур манайд мөнгө зээлэх сураг гарч байна, Саудын Арабтай зээлийн талаар ярилцаж байгаа, Канад, Австралийн хөрөнгө оруулагчид ирнэ гэж ам алдсан, Япончууд Таван Толгойд үйлдвэр барина гэж гуйгаад салдаггүй гэх маягийн юм яриад сууж байгаа манай засгийн газрынханд итгэх хүн олдох уу?
   
Засгийн газар чаддагаараа албан тушаал л зарж суух шив дээ. Авилгаа ориг монгол төгрөгөөр авч бай л даа, тэгвэл цаадуул чинь гудаснаасаа америк доллароо гаргаж ирж Найман шарга дээр жинхэнэ монгол төгрөг болгоод очино, энэ хооронд валютийн нөөц нэмэгдэнэ шүү дээ. Албан тушаал наймаалах бизнесийг Энхбаяр анхлан санаачилж хэрэгжүүлсэн ч тэр нь одоогийн Засгийн газартай харьцуулахад хавьгүй цэгцтэй, ойлгомжтой байж. Юу гэхээр тэр үед албан тушаал худалдах нэг цонхны үйлчилгээ үзүүлдэг ганцхан том их дэлгүүрт зардаг байсан юм. Одоо болохоор өнөө их дэлгүүрийг нь албан газрын тоогоор задлан учиргүй олон ТҮЦ болгоод цонх болгоноос наймаалцдаг болжээ. Төөрдөг байшин шиг аль цонхонд ямар албан тушаал зарж байгаа нь ч мэдэгдэхгүй. Худалдагч нь ч найдваргүй, нэгэнтэй нь тохиороод америк доллароо өгчихөөд байхад цаанаас нь бүр том худалдагч гарч ирж наймааг буцаах мөртөө төлсөн мөнгийг эргүүлж өгөхгүй, шинээр нэхнэ гээ. Шударга бус байнашдээ!
 
baabar.mn