С.Баяр Англид Элчин сайдаар томилогдсон нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Түүнийг тойрсон дуулиан шуугиан дор арван улсад Элчин сайдаар очиж байгаа нэр дэвшигчид УИХ-ын шүүлтүүрээр төвөггүйхэн ороод гарлаа. Ялангуяа МҮАН-ын дарга М.Энхсайхан АН-ын гишүүдээс хатуухан үг сонсох байсан байх.
 
С.Баярын хувьд Оюутолгойн гэрээ, оффшор данс гээд намынх нь гишүүд ч зүгээр суулгасангүй. Иймэрхүү асуултад “...УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Тийм заалтыг Үндсэн хуульд оруулсан хүний нэг нь би. Тэглээ гээд УИХ-ын танхимд хүн гүтгэж болохгүй л дээ, эрхэм гишүүд ээ. Ямар нэгэн байдлаар мөнгө зээл авсан асуудалд Ерөнхий сайд байхдаа би албан тушаалаа урвуулан ашигласан, найз нөхөддөө авч өгсөн тухай асуудал байвал түүнийг хууль хяналтын байгууллага, шалгаад тогтоох учиртай юм. Гэхдээ тийм зүйл болсонгүй.
 
Би Ерөнхий сайд байхдаа түүний дараа ч энэ асуудал дээр ямар нэгэн учир холбогдолтой байгаагүй гэдгийг энэ танхимд хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн шиг хариулж байлаа. Ингэсээр тэр Англид суух Элчингээр томилогдоод авлаа. Мэдээж хэрэг, УИХ-д 65 суудалтай МАН-ын томчууд тохироод оруулж байхад томилогдохгүй гээд ч яахав. Энэ ч яахав,  хамгийн гол нь С.Баярын энэ удаагийн ажил нь шагнал уу, шийтгэл үү гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй байгаа юм.
 
Тэр өмнө нь Орост Элчингээр сууж байсан л даа. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга хүртэл дэвшсэн хүн. 2009 онд гэнэт бүх “ноосоо” тушаачихаад яваад өгсөн. Энэ хооронд хааяа Монголд ирнэ. Ихэнхдээ гадаадад амьдардаг тухай эх сурвалжуудын мэдээлэл бий. Харин 2016 оны сонгуулийг ил биш далд удирдсан. Өөрөөр хэлбэл, М.Энхболд түүнийг урьж сонгуулийн штабыг удирдуулсан хэрэг. Үр дүнд нь МАН үнэмлэхүй яллаа. Тэгэхээр ялалтын дараа л “...С.Баяр Англид Элчингээр явах нь” гэсэн яриа гарсан нь сонгууль удирдахаар ирэхдээ л хийсэн тохироо байж мэдэхээр байгаа юм. Учир нь С.Баяр, Англи улс хоёр холбоотой.
 
Оюутолгойн эзэн Рио Тинтогийн төв нь Англид байдаг. Тэр утгаар нь зарим эх сурвалж С.Баярыг Англид томилуулах Рио Тинтогийн захиасыг биелүүлчихлээ гэж хардсан биз ээ. Ер нь Рио Тинтогийн хувьд тэртэй тэргүй Монголыг “барьчихсан” компани. Улстөрчид өөрийн PR-ыг өндийлгөх л гэж Оюутолгойн гэрээ энэ тэр ярьдаг болохоос Рио Тинто дээр очоод даналздаг, С.Баярыг заамдаж аваад хариуцлага тооцдог ганц боловч хүнийг бид өнөө хэр нь хараагүй л байна.
 
Юутай ч С.Баяр гэдэг хүн Рио Тинтод дөхөөд суучихлаа. Тэдний харилцаа Лондонд  хэрхэн өрнөх вэ гэдэг дараагийн асуудал юм. Тэгэхээр “...Улстөрөөс гарлаа. Улс төр хавиар эргэлдэж амьтан хүний ад шоо болохгүй”  хэмээн хэд хэдэн удаа зоригтой мэдэгдсэн С.Баяр үгнээсээ буцан Элчин сайдын суудал руу зүтгэжээ. Тэгээд МАН-ыг ялахад оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, шагналаа авлаа.
 
Нөгөө талаасаа С.Баяр шагнуулсан бус шийтгүүлсэн байх талтай. 1960-1970-аад оны үед сайд буухаараа Элчинд, бух өтлөхөөрөө заазанд явдаг гэх үг байсан юм билээ. Үг ч гэж Элчин сайдаар томилоод дэвшүүлсэн зайлуулдаг байж. Тэр үед өнөөдрийнх шиг хэдхэн сарын дотор хэн ч биш нөхдүүд ээлжлээд сайдын албыг залгуулж байсангүй.
 
Сайд гэдэг сайтар шалгарсан улстөрчид,  эдийн засагчид,  дипломатчид байсан байдаг. Нэг тавигдвал нэлээд хэсэг ажиллана. Харин албан тушаалаа өгөхөөр нь ийн Элчин сайдаар явуулдаг нь бас учиртай байжээ.  Хажууд байх нь шинэ удирдагчдад халгаатай. Айхгүй ч аягүй. Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг гээд л үгүүд бий. Тэр жишиг. С.Баярыг Англид суух Элчин сайдаар бушуу түргэн томилоод явуулсныг бас л тэгж харж болно. Тэр энд байх нь М.Энхболдод төвөгтэй. Буцаад намын дарга болно гээд ороод ирвэл яах вэ, Сү.Батболдод өвлүүлэн хоцроосон фракцын нөхөд нь бас л байгаа. С.Баяр нэг үг хэлэхэд одоогийн Сү.Батболдын гэх фракцын нөхөд дагаад л гарна.
 
Ер нь л толгойлогч болох гээд ядаж байхад өөрөөс нь толгой өндөр этгээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй эргэлдээд байх нь ямар олиг байв гэж. Тэр утгаараа С.Баярыг Англи руу явуулахын ач тусыг хамгийн түрүүнд М.Энхболд эдлэх нь дамжиггүй. Өнөөдөр харилцаа холбооны хөгжил дээд цэгтээ хүрсэн л дээ. Гэлээ гээд хаа байгаа Лондонгоос Монголын, МАН-ын амьдралыг зохицуулаад байх нь юу л бол.
 
Ингээд үзэхүл С.Баярын энэ томилгоо хаа хаанаа хал балгүй, хэн хэнийхээ хүсэл сонирхлыг багтаасан, жигтэйхэн оновчтой  шийдэл болсон бололтой юм.
 
Б.Дамдин