Энэ сарын эхээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ долоон гишүүнийг томилсон. Үүний дөрөв нь 51 хувийн төлөөлөл,  гурав нь  49 хувийн төлөөлөл бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөөлөн удирдан зөвлөлийн гишүүнд төр буюу 51 хувийг төлөөлж ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүн орж байгаа.   49 хувийг төлөөлж "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, одоо тус газрын ТУЗ-ын гишүүн Да.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар ТУЗ-д багтаж байна.  Тэгвэл шинэ ТУЗ хуралдаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захиралаар Х.Бадамсүрэнг томилохоор шийджээ. Х.Бадамсүрэн нь Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байгаа бөгөөд түүний эзгүйрч буй суудалд хэнийг томилох нь одоогоор тодорхойгүй байна. 

Хоохорын Бадамсүрэн  Өмнөговь аймгийн Хүрмэн суманд 1955 онд төрсөн. ЗХУ /хуучин нэрээр/-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг 1980 онд, мөн улсын Өнгөт металлургийн яамны удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтийг 1988 онд, АНУ-ын Колорадо муж улсын Эдийн засгийн дээд сургуулийг 1993 онд, Москва хотын Уул уурхайн их сургуулийн аспирантурыг 1999 онд тус тус төгсчээ. Уул уурхайн маркшейдер инженер мэргэжилтэй. Техникийн шинжлэх ухааны дэд докторын зэрэгтэй. Геологи, уул уурхайн яам, Түлш эрчим хүч, геологи, уул уурхайн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга бөгөөд салбарын ерөнхий инженер, 1989 оноос Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч, 1994 оноос “Монросцветмет” нэгдлийн анхны монгол захирлаар ажиллаж байсан. У1990 онд АИХ-ын депутатаар сонгогдож ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан байна. ОХУ-ын “Улс түмний найрамдлын одон”-гоор шагнагдаж, Монгол Улсын “Тэргүүний уурхайчин”, ОХУ-ын “Хүндэт уурхайчин”, “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирал байхдаа Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор шагнуулж байсан. Одоо Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байгаа.