Тѳрд суугаа балвааны тоо олшроод байхаар ард түмэн үнэн сэтгэлээсээ ичиж, санаа зовж байгаа нь мэдрэгддэг юм. УИХ-ын Чуулганы хуралдааныг хараад байхад, түрүү түрүүчийн ангиас улирч орж ирсэн нилээн хэдэн лухгаруудаас гадна багагүй тооны балваанууд юуны ч учраа олохгүй, зарим нь сонгуулийн солиорлоосоо ч гарч чадахгүй, поопдож суугаа харагдах юм.
 
УИХ бол нийгэм зүйн индекстерм ( түлхүүр утга) ярьж, концепци уралдуулдаг институци гэдгийг нэг л сайн ухаарахгүй байх шиг. Угаас юу ч мэдэхгүй балваан, усан тэнэгүүд, нѳхцѳл ѳѳрчлѳгдѳнгүүт хэн ч биш болдог нь үнэн юм байна. Энэ утгыг би зохиогоод, хүн амьтан доромжлоод байгаа юм биш, аль 154 жилийн тэртээ Оросын их зохиолч И.С.Тургенев хэлчихсэн байдаг юм билээ, түүнтэй л адилтгаж байгаа ухаантай юм.
 
Балваан ( болвань) гэж хэн бэ?
 
Монголчуудын ярианы хэлэндээ хааяа хэрэглэдэг балваан гэдэг үгийн уг гарал үүсэл нь БОЛВАНЬ гэсэн украин үг юм билээ. Малгайн хэв, хѳндий тѳмѳр толгойг украинчууд тэгж хэлдэг, ХОНГИО ТОЛГОЙ л гэсэн үг юмуу даа. Орос хэлэнд анх Оросын их зохиолч И.С Тургенев оруулж ирсэн түүх бий, гэхдээ УСАН ТЭНЭГ гэсэн утгаар хэрэглэсэн байдаг. И.С.Тургенев, "Эцэг ба хүүхдүүд" зохиолдоо...и самом деле, прежде они просто болваны, а теперь они вдруг нигилисты...гэж бичсэн нь бий. Үнэн хэрэгтээ ѳмнѳ нь тэд зүгээр л болванууд ( усан тэнэгүүд) байсан, одоо л  гэнэт сүрхий нигилистүүд ( ухаантай царайлсан хэн ч бишүүд) болцгоочхож гэж, монгол хэлнээ контексттэй нь холбогдуулан утгачилж, чадан ядан буулгалаа.
 
Нигилист гэж хэн бэ?
 
Хэн ч биш, шуудхан хэлэхэд юу ч биш. Нигилист (nihil-юу ч биш) гэдэг нь  шинжлэх ухааны чиг баримжаагүй, эмпирик тѳвшингийн судалгаагүй юм ярьдаг хүмүүсийг хэлнэ. Тэд академик мэдлэггүйдээ бантан, хар ухаанаар шийднэ гэж зүтгэнэ, эсвэл ард түмэн ингэж ярьсан гээд үгний ченжийн үүрэг гүйцэтгэнэ, бүгд нигилистүүд. ХОНГИО ТОЛГОЙ гэж яг тохирсон нэр, С.Жавхлан бол ѳѳрийгѳѳ хасаад 75 ТАРХИНЫ ТУРААЛ гээд байгаа л даа.
 
Ямар ч судалгаа шинжилгээгүйгээр Сангийн сайд нь валютийн нѳѳцгүй болсон гээд хар ухаанаараа ИХ-ын индэр дээрээс зарласнаас үүдэн зээлжилтийн зэрэглэлээ бууруулж улс орноороо хохирлоо. Инфлацид байсан эдийн засаг, мѳнгѳний буруу бодлогоор, санхүүгийн гаж хямралд орсныг дефлаци нүүрэллээ гэж алдаатай үгэн үйлдэл хийснээр валютын ханшийг хѳѳрѳгдчихсѳн, энэ бүгд нигилистүүдийн алдаа, амьд жишээ. Үг бүтээх ёс жаягийг огоорон, монгол үгийг үе мѳчѳѳр нь салган шинээр утга гаргаж тайлбарлахыг оролдох нь яруу сайхан монгол хэл бичгээ гутаасан,  бас л нигилист элемент гэдгийг дашрамд хэлье!
 
Энэ мэтээс ургуулаад бодоод байхаар, УИХ-д нэр дэвшүүлэх систем, критери манайд дэндүү ядмаг байгаа нь харагдана. Намдаа хэн их мѳнгѳ хандивласнаар критери хийх нь яаж ч бодсон буруу л даа, нэг үгээр бол ард түмний тѳлѳѳлѳл биш намын тѳлѳѳлѳл л болчихож байна. Нам зуучлагчийн үүрэгтэй оролцож байгаа сонгуулийн ийм систем ШУУД СОНГОХ гэсэн Үндсэн хуулийн хэв хэмжээг бүдүүлгээр зѳрчиж байгаа.
 
За нэг иймэрхүү малгай тавилаа,  нийтлэлийн үндсэн сэдэв гэвэл арай ѳѳр, яаралтай шийдвэр хүлээсэн хамгийн гол асуудал бол ѳнѳѳдѳртѳѳ гадаад валютийн ханшийн огцом ѳсѳлтийг зогсоох шүү, аргаа ѳѳрчлѳѳч ээ! Ядаж л танхим дотроо сууж байгаа мэдлэгтэй хэдэн залуусын үгийг сонсооч ээ! л гэж хэлэх гэсэн юм.
 
 
Тунхаг ярихаа болиод шийдвэрээ гаргаач балваанууд аа!
 
Гадаад валютийн ханшийг хазаарлах нь тѳрийн, нэн ялангуяа Улсын банкны зүгээс шийдвэр гаргаж чадах,  хэдхэн минутын дотор ч шийдчихэж болох цорын ганц мэдлийн асуудал мѳѳн,...анхааралтай ажиглаж байна...гэсэн элий балай юм яриад суугаад байж таарахгүй. Үндэсний валютийн үнэ цэнэ цагаар унаж, ард түмний амьдрал минутаар дордож байгааг юугий нь анхааралтай хардаг байна аа, ерѳѳсѳѳ ойлгохгүй байна.
 
Нѳгѳѳ тунхаглаад байсан ХУРД мурд яасан бэ? Худлаа тунхаглахаа болиод ажлаа хийгээч ээ! гэж гинжтэй арслангаар хүлүүлсэн морьтой хѳшѳѳний арын саарал байшингийн цонх руу харж байгаад хашхирмаар санагдаж байна. Ард түмэнд үнэндээ гологдож байна даа энэ удаагийн парламент. Улсын банкнаас ѳнѳѳдрийг хүртэл хийсээр ирсэн бодлогын хүүгээ ѳндѳрсгѳх актион хэнд хэрэгтэй юм? Ингэж гал унтраасан болж цаг нѳхцѳѳж суугаа Сангийн сайд, Улсын банкны ерѳнхийлѳгчийг яагаад огцруулахгүй байна? Санхүүгийн хямралыг ХАР УХААН гэгчээр биш, ШУ-ы үндэслэлтэй, мэргэжлийн шийдэлтэй арга хэмжээгээр даван гарах боломжтойг ойлгоод байгаа юм шиг мѳртѳѳ яагаад хийхгүй байна? Энэнээс ч олон асуултанд Засгийн газар заавал хариу ѳх ёстой! Асуултыг дан ганц ард түмэн ч гэлтгүй дотроосоо, ИХ-ын зарим рационал сэтгэхүйтэй гишүүдийн зүгээс ч тавьсаар байгаа шүү дээ. Нигилист балваануудаа нигилист дарга нар нь хамгаалаад байгаа юм биш үү, ингэхэд! Эсвэл компромат ( нээнтэг) -нд орчихсон юмуу? 
 
Интервенци
 
Улсын банк эрхлэн гадаад валют худалдах, худалдан авах актион  явуулахыг интервенци гэж хэлдэг. Гадны валютыг хямд ханшаар худалдаанд гаргаж, ѳдѳр цагаар ѳсч байгаа валютын ханшны галзуурлыг дарах гэсэн түр зуурын, нэг удаагийн оролдлого. Гэхдээ энэ ажиллагаа 2 нѳхцлийг гарцаагүй шаардана. 1. Улсын валютийн нѳѳц. Улсын нѳѳц 400 гаруй сая доллараар тасарчихсан гээд Сангийн сайд, Улсын банкны ерѳнхийлѳгч нь зарлаад байсан байхаа! 2.
 
Гадаадаас урсан орж ирэх валютийн нѳѳц, манайхан своп ( swap) гэж яриад байгаа. Гэхдээ, үнэт цаас гаргаснаар урсан орж ирэх валют байх ёстой, хэрэв гадаад худалдааны эргэлтээс татан ашиглаж байгаа бол тэр үүн шиг буруу юм гэж байхгүй. Үнэт цаас гаргасан гэж дуулдаагүй. Эх үүсвэр нь тодорхойгүй, ардаа баталгаа, хэйж ( hedge) байхгүй ийм акцыг яаж явуулаад байна? Санхүүгийн хямралд орчихсон энэ эгзэгтэй цаг үед эдийн засгаа ангал руу ойртуулах мэргэжлийн бус ээлжит алхмаа хийгээд байгаа юм биш биз гэж хардагдахаар байна.
 
Валоризаци ( valorization) 
 
Санхүүгийн хямрал, эдийн засгийн хүндрэл нүүрлэсэн нѳхцѳлд тѳрѳѳс зохицуулдаг тодорхой механизмуудыг ингэж хэлдэг, хямрал нүүрлэсэн аль ч улс оронд байдаг л зүйл.  Сангийн сайдын зүгээс дан ганц гадаад валютийн ханшаар л үр дүнгүй хѳѳцѳлдѳѳд хамаг цагаа үргүй бараад байгаа нь ѳрѳѳсгѳл байна. Үндэсний валютаа үнэд оруулах асуудлыг түлхүү анхаарах ёстой л доо. Үүний тулд нэгд, паритет зарчмыг тууштай баримтлах, нѳгѳѳ талаар арилжааны банкны дѳнгѳнѳѳс мултарч нилээд хэмжээгээр бие даасан байдлаар, хараат бусаар ажиллагаа явуулах ёстой байх. Тухайлвал, шийдвэрийн тѳсѳл санаачлан тѳрѳѳр валоризаци хийлгэх шаардлагатай харагдаад байгаа юм. Зах зээлийн зарчмыг зарим талаар алдагдуулах боловч юуны ѳмнѳ эдийн засгаа аврах нь чухал. Нүүрсний үнийг нэмлээ, энэ бол чухал алхам. Цааш нь алт, зэс, тѳмрийн үнийг шуурхай ѳсгѳх ёстой.
 
Дотооддоо ХАА бүтээгдэхүүн тухайлвал махны үнийг хуучин социализмд мѳрдѳж байсан зарчмаар хатуу тогтоож болно. Махны экспортыг шуурхайлах ёстой. Үүнтэй зэрэгцүүлээд цахилгаан дулааны суурь үнийг чѳлѳѳлѳх ёстой. Монгол улсын газар нутаг дээр гаднын валютаар гүйлгээ хийхийг хатуу хоригловол зохино. Бүхэл бүтэн багц арга хэмжээ шуурхай авч үндэсний валютаа ѳѳд нь татахыг эрмэлзэх нь чухал болохоос тунхагийн чанартай юм ярьж суугаад байвал сүйрэл рүү ойртох зам тѳгсгѳл рүүгээ мѳсѳн гулгуураар уруудна гэдгийг тѳсѳѳлѳх шаардлагатай гэж бодож байна.
 
Паритет, үндэсний валютийн сагсны зарчим
 
Манайх шиг алтны асар их нѳѳцтэй улс орон паритет буюу тѳгрѳгийн алтан баталгааг тавиад туучихна гэхээр мѳнгѳний бодлого баригчдын дэндүү харалган, хариуцлагагүйн алдаа болсон, шоронд хийх ч багадна.
 
Дээр нь валютын нѳѳцгүй болсон гээд дэлхийгээр нэг зарлаж зээлжилтийн зэрэглэлээ унагалаа. Тэр хүмүүс нь албан тушаалаасаа чѳлѳѳлѳгдѳж хариуцлага үүрэхийн оронд ѳнгѳрсѳн цагтайгаа барьцсан юм яриад харин ч албан тушаалд дэвшээд байгаа гэхээр, сэтгэцийн ѳвчтэй тѳрийн тогтолцооны илрэх шинж, синдром л ийм байдаг байх. Тѳгрѳгийн паритет зарчмыг ярих цаг болсоон, монетон нэгжийг ч гэсэн эргэлтэнд эргүүлж оруулах ёстой. Монгол үндэсний валютыг жорлонгийн цаас шиг болгосон хэргийг хүлээх эзэн байгаа юу? Монгол улсын үндэсний валютын эргэлт "САГС" ( currency basket) зарчмаар биш арилжааны банкны зохиосон тоглоомын дүрмээр яваад байгаа нь туйлийн харамсалтай.
 
Гадаад валютын ханшны галзуурлыг нам дарах нэг аятайхаан арга байдгийг энд шипи болгон хэлэхийг хүсч байна. Үүнтэй холбогдуулаад, ард түмнээсээ тас нуудаг санхүүгийн луйврын нэг механизмыг жишээ болгон авлаа, зарим этгээд дургүйцэх л байх, гэхдээ хүмүүс мэдэж аваг гэж бодлоо. Олигархиудын голдуу эрхэлдэг бизнессийн салбарт, манай тѳр валютийн ханшийг хатуу тогтоосон байдаг юм.
 
Тэр нь гадаад худалдаагаар дамжин тооцогддог, 1 долларыг 1450 тѳгрѳгтэй хүчээр тэнцүүлсэн тооцоо, тэрийгээ худалдааны актив тэнцвэржүүлэх, чадваржуулах ч гэх шиг их гоёмсог, хѳѳрхѳн нэрлэсэн байгаа. Эндээс бодоод үз, олигархиудын оруулсан виски, тамхи...зэрэгт үйлчилдэг ханшийн зѳрүүг зах зээлийн ханшинд шилжүүлээд тооцохоор 1 сая доллар тутмаас  зѳвхѳн ханшийн зѳрүүгээр млрд тѳгрѳгний ашиг шууд унагаж байна. Тэр ашиг нь, наргих цэнгэх эрхтэй ард түмний түрийвчнээс гарч байгаа мѳнгѳ.
 
Эндээс дүгнэлт хийгээд санал болгоход, Улсад мѳрдѳх валютын ханшийг 1450 тѳгрѳгѳѳр УЛСЫН ТОГТМОЛ ХАНШ гэж зарлаад УИХ-ын тогтоол гаргаад 2 жилээр ч юмуу хатуу мѳрдѳхѳѳр хуульчилчих хэрэгтэй юм. Валютийн захын наймаа арчигдах, олигахиудын орлого хумигдах... бусад зарим эрсдэл орж ирнэ, гэхдээ л улс орны санхүүгийн байдал, амь аврагдана. Энэ аргыг хэргэлэж байсан Польш, Япон зэрэг улсуудаас туршлага авч болно. Ѳѳр ч илүү үр дүнтэй гэмээр арга байдаг л юм, ѳвчтэй тѳрийн нигилист улс тѳрчид нэвтрүүлээд эх орон, ард түмнээ бодоод хэрэгжүүлээд явах нь юу л бол, энэ бол том АСУУЛТ!
 
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү