Б.ОЧИР

Урт цагаан уг нь нийслэлийн өмч юм. Нийслэлийн өмчийн III байр гэх албан ёсны нэртэй. Тэнд уран дархан, хувцас засвар, ломбард, гутал засвар, нүдний шилний газар, цаг засвар гээд дээр үеийн ахуйн үйлчилгээ одоо тэнд үлджээ.

Урт цагааныг нэгэн цагт Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Бадамжунайгийн “эзэмшил” гэж хааяа нэг хэвлэлүүд бичдэг. Урт цагааны түрээслэгч нэр бүхий 30 гаруй компани олон жилийн туршид зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнээр түрээсэлдэг байсан тухай мэдээлэл гурван жил гаруйн өмнө ил болж олонд дэлгэгдсэн байдаг. Түрээслэгчид цаашаа дамлан түрээслэж ашиг олдог байсан тухай тэр үед мэдээлж байлаа. Ийм байдлаар олон жил болж, олсон ашгаасаа Т.Бадамжунай сайд зэрэг Улаанбаатарын удирдлагад ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийн хэтэвчийг түнтийлгэдэг гэж зарим хэвлэл бичсэн байгаа юм. Энэ ч яахав, хамгийн гол нь төр алдагдал хүлээж болохгүй. Түрээс нь зах зээлийнхээрээ л байх ёстой гэсэн үг.

Нөгөө талаас энд хөндөх гээд байгаа асуудал бол Урт цагааны орчим буюу Жуулчны гудамжийг жуулчдаас нуумаар болжээ. Тэндэх орчинд очсон жуулчин зугтана уу гэхээс тогтохооргүй байна. Өнгөрсөн жилүүдэд “Гудамж” төслөөс хөрөнгө гаргаж, Урт цагааны өмнүүр гардаг зам барьсан. Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2014 оны жилийн эцсийн тайланд бичсэнээр Жуулчны гудамжинд явган хүний зам дагуу 10 ширхэг сандал, 15 ширхэг хогийн сав байрлуулж тохижуулжээ. Тэр хавьд хийгдсэн өөр дорвитой ажил алга. Энэ ч бас гайгүй. Тэр хавийг тохижуулах гэж оролдсон гэж харагдаж байгаа юм. Харин муухай дээр улцан гэдэг шиг Урт цагаан гэж энэ зууны Жуулчны гудамжинд арай л тохиромжгүй  байшин байна. Хуучин, өнгө зүс муутай, хэзээ ч нурж магадгүй болчихсон царайтай. Дээрээс нь хамаг л муу муухайгийн цуглуулга тэнд байна.

Урт цагааныг тэртээ 1972 онд улсын тэргүүлэх архитектурч Б.Дамбийнямын зураг төслөөр, гар урчууд, артелийн ажилчид, уран дархчуулын хөрөнгөөр, хятад барилгачид барьж байжээ. Өдгөө 44 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна гэсэн үг.

Энэ байшингийн талаар хүмүүс янз бүрийн л саналтай байдаг юм билээ. Монголын худалдаа, үйлчилгээний түүх шингэсэн барилга учраас түүхийн дурсгал гэдэг утгаар хамгаалалтад авч, музей маягийн юм болгоё гэдэг. Харин төрийн зүгээс Урт цагааныг нураагаад оронд нь олон давхар барилга сүндэрлүүлье гэх юм билээ. Гэвч өнөөдөр Урт цагаан түүхийн дурсгалт газар ч болсонгүй. Олон давхар оффис ч болсонгүй. Харин хотын захын хаягдсан барилга шиг хана туурга нь нурчихсан. Тэрийг нь засдаг ч үгүй. Хажуугаар нь тэнэмэл, согтуу хүмүүс “бэлчиж” амьдарсан. Ороод очихоор хуучирч муудсаны шинж чийг бамын нэвширсэн үнэртэй. Ийм л байшин Жуулчны гудамжны гол цөм нь болоод “сүндэрлэж”  байна. Үнэндээ хуучны эдлэл, хөөрөг сэлт худалддаг хэдэн жижиг дэлгүүрээс өөр жуулчдыг татах онцгой зүйл Урт цагааны орчимд байхгүй. Бодит байдал энэ. Тиймээс Улаанбаатарын удирдлагуудад хэлэх хоёр үг байна. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг. Урт цагааны байшинг нурааж оронд нь орчин үеийн олон давхар худалдааны төв байгуулъя. Эсвэл одоо байгаа Урт цагаанаа улам гоё болгох ажлыг төсөв, түрээслэгч хоёрын дэмжлэгээр хийе. Ингэж гэмээнэ, олны хардаад байдаг Урт цагааны эзэн нь Т.Бадамжунай нар юм гэдгийг үгүйсгэсэн том нотолгоо болно. Хамгийн гол нь Жуулчны гудамжнаас жуулчид зугтахаа болих юм.

Хотын захын хаягдсан барилга шиг хана туурга нь нурчихсан. Тэрийг нь засдаг ч үгүй.

Урт цагааны байшинг нурааж оронд нь орчин үеийн олон давхар худалдааны төв байгуулъя.

Үнэндээ хуучны эдлэл, хөөрөг сэлт худалддаг хэдэн жижиг дэлгүүрээс өөр жуулчдыг татах онцгой зүйл Урт цагааны орчимд байхгүй.