Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 87 компанийн өр төлбөр 10.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэхүү өрийн 95 орчим хувь буюу есөн их наяд төгрөгийг 29 компани бүрдүүлж байна. Тухайлбал, Хөгжлийн банк 6.3, Төрийн банк 1.3 их наяд төгрөгийн өртэйгөөр толгой цохиж явна.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” 633.9, “Төрийн орон сууцны корпорац” 351 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Гэтэл ийм өртэй компаниудын захирлууд өндөр хэмжээний цалин авч байгаа нь шударга бус байна. Хамгийн их өртэй 29 компанийн захирал өнгөрсөн оны дөрөв, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар сард хэдэн төгрөгийн цалин авч байсныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нээлттэй зарласан байгаа. Жишээлбэл, 8.1 тэрбум төгрөгийн өртэй “Монголын цахилгаан холбоо” компанийн захирал хамгийн их буюу сард 4600 ам.долларын цалин авдаг байгаа юм.Эдийн засгийн хямралтай өнөө үед төрд төвлөрөх ёстой энэхүү мөнгөнөөс ингэтлээ цалинжина гэдэг байж болох үзэгдэл мөн үү.

Тус компани ашиг орлогогүгээс гадна өндөр цалин авдаг олон ажилчидтай учраас хувьчлагдах  аж ахуй нэгжийн жагсаалтад орсон. Гэтэл хувьчилж вах хүн нь олдоогүй байна. Явж явж төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийг дампуурахад хүргэдэг нэг зүйл нь захиралуудынх нь хэмжээлшгүй их цалин юм биш үү. Цалингаараа төрийн компанийг сөхрүүлдэг сонин тогтолцоогоо одоо өөрчилвөл таарна.

Г.Наран

zaluu.mn