“Орон сууцны хямдрал, урамшуулал өдөрлөг” Мишээл барилгын их дэлгүүрт  өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү өдөрлөгт нийт 80 гаруй барилгын компаниуд болон ипотекийн найман хувийн зээл олгож байгаа арилжааны банкууд оролцож байна. Өдөрлөгт оролцож байгаа барилгын компаниуд шинээр ашиглалтанд орсон орон сууцнуудынхаа метр квадратын үнийг 200-500 мянган төгрөгөөр буулгасан байгаа ажээ. Мөн арилжааны банкуудын төлөөлөл болох “Хас”, “Хаан” бакны менежер, эдийн засагчид хэрхэн ипотекийн зээлд хамрагдах боломжтой эсэх талаар иргэдэд нээлттэй зөвлөгөө өгч байлаа. Өдөрлөгт оролцож буй барилгын компаниуд үнийн уян хатан байдал, бартерлах буюу солилцоо хийх нөхцөлийг нэлээд санал болгож харагдлаа. Тухайлбал, “Содон хороолол” урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг бэлэн мөнгөөр өгөөд, 20 хувьд нь хашаа, байшин, машин, таван хошуу мал оролцуулах боломжтой гэж байв.

Тус орон сууцны хорооллын нэг метр квадрат нь 1 сая 700 мянган төгрөг юм байна. Мөн бэлэн мөнгөөр орон сууц худалдан авах гэж байгаа бол үнийн дүнгийн 50 хувийг төлөөд үлдсэн 20 хувьд нь бартер оролцуулж, бусад 30 хувийнх төлбөрийг “Тэсо Констракшн” компаниас эхний жилд хүүгүй, дараагийн жилд 12 хувийн хүү бодуулж,  гурван жилийн хугацаатай, нийт 18 хувийн хүүтэй зээлэх боломжтой  аж. Мөн ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтанд орох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх ард талд байрлах “EDU APART” цогцолбор хороололд 44-113 метр квадрат хэмжээтэй  хоёроос дөрвөн өрөө байрны сонголттой байгаа бөгөөд метр квадрат нь 2 саяас 2,300 мянган төгрийн үнэтэй байна. Гэхдээ урьдчилгаа төлбөрөө хэдэн хувиар төлөхөөс шалтгаалаад, метр квадратын төлбөрөө 60-200 мянган төгрөгөөр хямдруулах боломжтой гэж байв. Тус хотхон нь дотроо цэцэрлэг сургууль худалдааны төв, фитнес клуб зэрэг үйлчилгээний цэгүүдтэй бөгөөд цэвэр агаарт байрладаг зэргээрээ давуу талтай ажээ. Эндээс байр сонирхож байгаа бол ипотекийн найман хувьд хамрагдах боломжтойгоос гадна, хувь лизингээр, тухайн компанитай гэрээ байгуулаад худалдан авч боломжтой юм байна. Ингэхдээ үлдэгдэл мөнгөөхоёр жилийн хугцаанд өөрийн хүссэн хэмжээгээрээ хуваагаад төлөх, түүнийг төлөх хэмжээний орлоготой болохыг баталсан баримт, материалуудаа тус компанид танилцуулаад, захирлынх нь зөвшөөрлөөр байр авч болно гэнэ.

Мөн граж худалдан авсан тохиолдолд үнийн дүнгээс нь хоёр сая төгрөг хасах боломжтой гэнэ. Харин “Ивээл хотхон” худалдан авагчиддаа гал тогооны тавилга бэлэглэх аж. “Ивээл хотхон” нь  хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто машины нэгдсэн граж, нэгдсэн сүлжээ дэлгүүр болох “Номин”, “Оргил”, “Миний сүлжээ”, “SKY”, АПУ, Атар- Өргөө гэх зэрэг нэрийн барааны болон хүнсний дэлгүүрүүдийн дунд байрладаг юм байна. Нэг метр квалрат нь 2сая 400 мянган төгрөг гэж байна. Яармагт “ХҮННҮ МОЛЛ” -ийн зүүн талд байрлах “Khanbogd Residence”-ын орон сууцны нэг метр квардарт нь 1 сая 900 мянга.  Тус хороолол нь 250 хүүхдийн цэцэрлэгтэй, эрүүл орчин, хүрхрээт гол, ногшоон байгууламж бүхий цэцэрлэгт талбай, усан оргилууртай эрүүл аюулгүй орчинтой гэдгээ онцолж байна. Тус хотхоныг урьдчилгаа 10-30 хувийг төлөөд ипотекийн найман хувийн зээлд хамрагдах боломжтой ажээ. Үүнээс гадна Сонгонохайрхан дүүргийн 21-р хороололд саяхан ашиглалтанд орсон “Өндөр Хөтөл” апартмент орон сууцны нэг метр квадрат нь 1сая 450мянган төгрөг гэж байна. Мөн Баянгол дүүргийн нэгдүгээр хороо “GB” 132 айлын орон сууцны барилгын нэг метр квадрат нь 1 сая 600-1 сая 700 мянга юм байна. Гацууртын хар усан тохионд ашиглалтад орсон “Баянзүрх вилла” таун хаус цахилгаанаар шалнаасаа халдаг, европ стандартаар баригдсан өөрийн бие даасан цэвэрлэх байгууламжийн системтэй зэрэг давуу талтай бөгөөд Монгол шилтгээнээс 1км-ийн наана байрладаг 6 блок бүхий 24 айлын амины орон сууц юм. Төлбөрийн уян хатан нөхцөлтэй аж. Өөрөөр хэлбэл нэг метр квадрат нь 2 сая 600 мянган төгрөгийн үнэтэй уг хаусыг банкны лизинг, бартераар худалдан авч болох ажээ.

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Атек” орон сууцыг 5-8 хувийн зээлээр авч болох юм байна. Орон сууцны хямдралтай үзэсгэлэнд оролцож буй шинэ хороолол, хотхонуудаас хамгийн хямд нь Хан-Уул дүүргийн Буянт -Ухаа  спорт цогцолборын чанх хойно байрлах “B-ONE APARTMENT”-ын орон сууц метр квадрат нь 1 сая 200 мянга гэж байна. Тус орон сууцанд 38,25-60,93 метр квадрат талбайтай 1-3 өрөө байрууд байгаа ажээ. Тус өдөрлөгт оролцож байгаа орон сууцнуудын метр квадратын дундаж үнэ 1700 орчим мянган төгрөг байлаа. Ер нь орон сууцны бүх хороолол, хотхонуудын борлуулагч нар ипотекийн найман хувийн зээл болон бартерлах, эсвэл хувь лизингээр олгох нөхцөлийг санал болгож байна лээ. Үүнээс гадна, үл хөдлөх хөрөнгийн биржүүдэд зуун хувь бартерлах, хямд үнэтэй орон сууцнууд ч байдаг гэнэ. Энэ үеэр “Хаан банк”-ны эдийн засагч иргэдэд танилцуулга хийж байв. Тодруулбал тус банк хамтарч ажилладаг компаниудынхаа орон сууцнаас авсан хүнд найман хувийн зээл олгох боломжтой гэж байна. Тухайлбал, “Хангай хотхон”, Монгол хотхон”, Хэнтий аймгийн төд байрлах “Хан-Хэнтийн язгууртан”, “Агниста хотхон”, “Гэгээ 39 хотхон”, “Олимп хотхон”, “Happy house”, “PEACE TOWN” зэрэг хотхонуудаа сонголтоо хийвэл хаан банкны ипотекийн зээлд хамрагдаж болох нь. Ингэхдээ тухайн гэр бүлийн сард төлөх байрны зээлийн мөнгө нь сарын орлогынх нь 45 хувиас багагүй байх ёстой байдаг аж.  Мөн үүнээс гадна хямд өртөгтэй, зээлийн барьаанд хураагдсан хуучин орон сууцнуудыг хаан банк харьцангуй хямд үнээр, хөнгөлттэй нөхцөлөөр түргэн шуурхай, зарж борлуулж байгаа гэнэ.

Энэ үеэр өдөрлөгийг зохион байгуулж буй “Орон сууцны бирж”-ийн менежер Б.Наранмандахаас зарим зүйлсийг тодруулахад “Иргэд 30-40 сая төгрөгийн байрыг зээлээр авчихмаар байна. Хямд байвал чанар, байрлал хамаагүй шүү дээ гэж их ярьж байна. Хамгийн гол нь үнийг нь л харж байна. Мөн бага урьдчилгаатай, эсвэл урьчилгаагүй байр байна уу гэж их асууж байна. Энэ өдөрлөгт хамгийн хямд байр метр квадрат нь 1 сая 200 мянга гэж байна. Компаниуд орон сууцаа борлуулах янз бүрийн нөхцөл санал болгож байна. Харин иргэд хямралын үед яаж, хийж байгаад орон сууцтай болчих юмсан гэж хичээж байгаа харагдаж байна” гэлээ.

Г.Наран