Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Оюутолгойн зэсийн экспорт түр зогссон явдлыг замын дунд тохиолддог л нэг бартаа, тун удахгүй энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Манай уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг урагш нь гаргадаг гол гарцын нэг Ганцмодны боомтоор нэвтрүүлэх тонн нүүрс тутмаас найм, тээвэрлэгч машин бүрээс 10 юанийн хураамж авахаар болсон. Мөн 10 мянган юаниас дээш үнэтэй металлд 0,2 хувийн хураамж төлөх шинэ журам гаргаснаа ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн Урд дунд хошууны захиргаанаас мэдэгдсэн билээ.

Түүнчлэн Хятадын тал Оюутолгойн зэсийн баяжмалыг хилээр гаргахдаа тусгайлсан гарцаар нэвтрүүлдэг байснаа больж нүүрсний машинуудтай нэг дор оруулах болсноор тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаа алдагдаж, удаан хугацаагаар хүлээх болсон тул Оюутолгой экспортоо зогсооход хүргэсэн юм.

Энэ явдлыг манайхан Далай ламын айлчлалтай холбон үзэж байгаа ч хураамжийг нэмэгдүүлэх шийдвэр Дээрхийн гэгээнтний айлчлалаас өмнө буюу өнгөрсөн сарын эхээр гарсан юм. Тэгэхээр үүнийг Далай ламын айлчлалтай холбож үзэхээс илүүтэй нүүрсний үнэ сэргэж буй энэ үед Монголын уул уурхайн салбарын ашгаас хүртэх хувиа нэмэх гэсэн хятадуудын арга гэж үзэж болно.

Гашуунсухайт боомт Монголын талд 12 гарцтай. Эдгээр гарцуудын нэгийг нь Оюутолгой компани тусгайлан эзэмшдэг. Тэр гарцаар Оюутолгойн  бүх бүтээгдэхүүнийг хэвийн гаргаж болох ч цаад талдаа буюу Хятадын найман гарцаар гаргахад өөрчлөлт орсноос Оюутолгой экспортоо зогсоогоод байгаа юм. Ийнхүү хил дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг манай Гадаад харилцааны яамнаас судалж байгаа гэж өчигдөр мэдэгдсэн.

                                                                                                              Оюутолгойн экспортын бүтээгдэхүүн

Хятадын талаас хилийн хураамжаа нэмэгдүүлэх тухай манай талд урьдчилан мэдээлээгүй бөгөөд ингэж ч шаардлагагүй гэж Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Ганболд мэдэгдсэн. “Аливаа улс өөрийн боомтын хураамжийг нэмэх тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэг хүлээдэггүй. Гэхдээ бид энэ талаар судалж байгаа” гэж Гадаад харилцааны яам бүдэг бадаг хариулт өгөөд буй. Энэ байдлаас харвал Монголын уул уурхайн салбарт жилийн 100 шахам тэрбум төгрөгөөр хэмжигдэх хилийн хураамжийн нэмэгдлийг хоёр улсын харилцаа ээдрээтэй байгаа энэ үед нааштайгаар шийдвэрлэх найдлага бага болов уу.

Гэвч хамаг экспортоо зогсоочихоод байгаа Оюутолгойн удирдлага буюу Рио Тинтогийн гүйцэтгэх захирал энэ асуудалд харьцангуй өөдрөг хандаж байна. Жан Жак Себастъян хэлэхдээ Рио Тинто өмнө нь ч эрх баригчидтай асуудлаа хэлэлцэж шийдвэрлэсээр ирсэн. Энэ удаа ч шийдвэрлэж чадна гэж үзэж байгаагаа ярьжээ. Гэхдээ энэ нь хилийн хураамжийг бууруулах тухайд хэлсэн үү, эсвэл Оюутолгойн зэсийг урьдын адил тусгай гарцаар гаргах тухайд хэлсэн үү гэдэг нь тодорхойгүй юм.

Ямартай ч, энэ бол зөвхөн ашиг малтмал экспортолдог уул уурхайн компаниудад хамаатай хэрэг биш. Энэ салбарын орлогоос хараат байдаг манай эдийн засагт ч зохих нөлөөгөө үзүүлнэ. Нүүрсний үнэ сэргэж буй нь ирэх онд гэхэд эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэсэн таатай мэдээ саяхнаас дуулдаж эхэлсэн ч манай нүүрсний салбарын орлогоос хятадууд ч бас хуваалцахаар ханцуйгаа шамлаж буй нь хилийн гарц болон, татвар хураамжийн өөрчлөлтөөс харагдана.

 Оюутолгой экспортын бүтээгдэхүүнээ анх Хятадын зах зээлд нийлүүлэх үеэр.

Эх сурвалж: Telegraph

Б.Сэвжидмаа

newscom.mn