Монголын үндэсний бөхийн холбооноос “Ээлжит бус Их эе”-ийг хуралдуулах талаар албан бус зар тараан, МҮБХ-ны хэвийн үйл ажиллагааг алдаглуулах оролдлого хийж байгаатай холбоотой асуудлаар болоод бусад өрнөж буй асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны зургаадугаар сарын 24-нд МҮБХ-ны цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулжээ. Хурлаар Үндэсний бөхийн “Их эе” хурлыг энэ сард хуралдуулахаар шийдвэрлэсэн ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хуралдуулахгүй тухай мэдэгдэл гаргаад байна.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж “1990 онд МҮБХ-ны анхдугаар Их эеийн хуралдаанаар миний бие тэргүүнээр сонгогдсон. Дараагийн хуралдаан 1994 онд болсон. Энэ үеэр Бөхийн өргөө барих газрыг шийдсэн. Улмаар 1998 онд Монгол бөхийн өргөөг ашиглалтад оруулж, Улс тунхаглсны ойнд зориулсан барилдаан болсон. Мөн энэ жил III Их эе хуралдсан юм. Хуралдаанаар өмнөх жилүүдэд хийсэн ажлыг минь үнэлж дахин МҮБХ-ны тэргүүнээр сонгосон. 2002 оны хуралдаанаар миний бие 94 хүний санал, надтай өрсөлдсөн Сүхбаатар 82 хүний санал авснаар дахин тэргүүнээр сонгодсон. Энэ хурал өмнөхөөсөө илүүү хэл амтай хурал болсон. Учир нь МҮБХ-г зохион байгуулалтай авах санаатай байсан нь хожим мэдэгдсэн. Тэр нөхдүүд нь А.Сүхбат, Х.Баянмөнх, Ц.Дуламсүрэн, Ганболд нар юм. Энэ хэл амыг МҮБХ-ны одоогийн удирдлагууд гаргаж байгаа мэт буруу ойлголтыг дээрх хүмүүс удаа дараа хүргэж байгаа учраас үнэн бодитой мэдээлэл хүргэж байна. Эдгээр хүмүүсийн хамгийн гол санаа нь Монгол бөхийн өргөөг авах, эзэмших сонирхолтой юм. Үүнийг би баримттай ярьж байна. 1998 онд Монгол бөх өмчтэй болсон. Улмаар 2002 он хүртэл МҮБӨ ямар менежментээр ажиллах нь тодорхой болсон. Энэ нь Монгол бөхийн өргөө гэж “саалийн үнээ” мэт мөнгө олох амар хялбар арга хэмээн харсан хүмүүсийн шуналыг хөдлөгсөн байна. Хэрвээ өнөөдөр МҮБХ чөлөөт, жүдо бөхийн холбоо шиг өмч хөрөнгөгүй байсан бол энэ хүмүүс ингэж дайрахгүй байсан байх. Дээрх хүмүүс 13 жил МҮБХ руу янз бүрээр дайрч, гүтгэж, хэвийн үйл ажиллагаанд үргэлж саад учруулсаар ирсэн.Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулах үйл ажиллагаанд А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Х.Баянмөнх нар хөндлөнгөөс оролцон, гишүүдийн ирцийн бүртгэлд тус хуралд суугаагүй зургаан хүний гарын үсгийг дуурайлган зурсан. Мөн өөр бичиг баримтаас гарын үсгийг нь хуулбарлан буулгах аргаар санаатайгаар хуурамч баримт үйлдэн шүүхэд нотлох баримт болгон өгч, шүүхийг хуурч мэхлэх замаар шийдвэр гаргуулсан байна. Тэдний энэ зүй бус үйлдлийг нь шалгуулахаар МҮБХ-ноос Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Тус хэлстээс энэ оны наймдугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллага энэхүү эрүүгийн хэргийг шалгаж дуусаад шүүхээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл цаашид ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд тогтоол гарган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон. Ийм байтал А.Сүхбат, Ж.Ганболд, Ү.Хүрэлбаатар нарын хүмүүс “Их эе” хурлыг маргааш хуралдуулахаар зар тараасан нь хуулийн байгууллагуудын шийдвэрийг зөрчсөн үйлдэл. Мөн олон түмнийг төөрөгдүүлсэн явуулга шүү. Иймд маргааш болох “Их эе” хуралд нийт бөх, бөхиийн зүтгэлтнүүдийг оролцохгүй байхыг албан ёсоор хариуцлагтайгаар мэдэгдэж байна. А.Сүхбат “Монгол бөхийн өргөө”-г эзэмших хүсэлтэй. Тиймээс ч 13 жилийн туршид улайран тэмцэж ирсэн. Парламентийн гишүүн хүн хууль тогтоодог байх ёстой. Гэтэл төрийн алба хашиж байж хууль зөрчиж байгаа нь хариуцлага хүлээх үндэслэл болно. Тийм учраас энэ хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох хэрэгтэйг эцсийн удаа сануулж байна” гэлээ.

МҮБХ-ноос 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийн товыг тогтоон хуралдуулна. Тус хурлаар шинэ удирдлагаа сонгон ажиллуулах болно гэдгийг хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.

Мөн МҮБХ-ноос УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн А.Сүхбатын ёс зүйн тухай авч хэлэлцэх талаар албан тоот танилцууллаа. Үүнд “УИХ-ын гишүүн А.Сүхбатын хууль зөрчсөн ёс бус үйлдлийг ёс зүйн хороогоороо хэлэлцэн түүний хууль бус үйл ажиллагааг даруй зогсоож өгөхийг УИХ-ын дарга танаас хүсч байна” гэжээ.