Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц Монголд айлчлах үед БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас хэд хэдэн мэдэгдэл хийж, уг айлчлалыг цуцлахыг шаардаж байсан билээ.

Гэвч Гантэгчэнлин хийд болон Гадаад хэргийн сайдын зүгээс Далай ламын айлчлалыг цэвэр шашны зорилготой, Засгийн газартай огт хамааралгүй гэх тайлбар хийж, дээрхийн гэгээнтэн гурван өдөр айлчлаад буцсан. Гэвч Далай ламыг салан тусгаарлагч гэж үздэг БНХАУ-ын тал төрийн хэд хэдэн айлчлалыг цуцалж, зээлийн хэлэлцээр ч зогссон гэдэг.

Тэгвэл нэгэн хэвлэлд Далай ламд виз олгосон Япон улсад суугаа Монголын Элчин сайдын яамны консулын ажилтан халагдсан гэх мэдээлэл гарчээ.

Одоогоор Консул болон ГХЯ-наас тайлбар хийгээгүй. Халагдсан ажилтан ажлаа аваад гурван сар болж байжээ. Элчин сайд нь виз өгч болохгүй гэх даалгавар өгсөн ч, ажилтан дур мэдэн ийнхүү виз олгосон гэнэ. Тиймээс дуулианыг намдаахыг тулд консулын ажилтанд арга хэмжээ авч ажлаас нь халсан байна. Одоогоор халагдсан ажилтан эх орондоо ирээд байгаа аж.