Монголчуудынхаа байтугай олон улсын хараан дор шийдэгдэхээр болоод буй баялгийн томоохон үүц бидэнд бий. Тэр бол Тавантолгой. Харамсалтай нь хэрхэн, яаж ашиглахаа шийдэж чадалгүй олон жил болж байгаа юм.
 
Хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сард  Чалкотой байгуулсан гэрээ болон тус компанид Монгол Улсын төлөх ёстой өрийн асуудлаас үүдэн хэлэлцээ гацаанд орлоо хэмээн мэдэгдсэн. 2014 оны сүүлчээр Ерөнхий захирамж гарган Ажлын хэсгийг байгуулсан байдаг. Засгийн газрын ажлын хэсгийг Монгол Улсын сайд М.Энхсайхан ахалж, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар ажиллаж байв.
 
Ажлын хэсэг 2010 онд УИХ болон Засгийн газрын холбогдох тогтоолын хүрээнд зарлан явуулсан “Таван толгой нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалт”-ыг Засийн газрын 2014 оны 268 дугаар захирамжийн дагуу үргэлжлүүлэн явуулах үүрэгтэйгээр байгуулагдсан юм.
 
Энэхүү уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу нэр бүхий таван компанийн ирүүлсэн техникийн саналыг үнэлэхэд “Чайна Шэньхуа Энержи”, “Сумитомо корпораци” болон “Энержи Ресурс” ХХК-ийн түншлэл, “Пибоди Энержи корпораци” авбал зохих босго оноог авсан байдаг.
 
Энэ зуурт нь улс­төрж­сөн, хоорондоо толхилц­сон үйлдлүүд улс төрийн хүрээнд нэлээд гарсныг энд дурдах хэрэгтэй. Үүний дараа Ажлын хэсэг дээрх мэдэгдлийг хийсэн гэсэн үг.
 
Ингээд УИХ-аас 2015 оны дөрөвдүгээр сард Тавантолгойн төслийн гэрээг дүгнэх ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж, бүрэлдэхүүнд нь гишүүн А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар  Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар багтсан юм. Уг ажлын хэсэг “...Монгол Улсын сайд М.Энхсайханы ахалсан Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хуулиудыг зөрчсөн, үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын тогтоолыг зөрчиж хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж улсад ашиггүй гэрээний төслийг бэлтгэсэн байсан” гэж дүгнэсэн.
 
Ингээд 40 гишүүн гарын үсгээ зурсан шинэ хувилбарыг УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч гацаанд орсон.
 
Тэгвэл энэхүү гэрээний нөхцлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар байгуулжээ. Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж даргалж, дэд даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарын 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
 
Тэд өнгөрсөн баасан гаригт шалгарсан түнш­лэлийн гишүүн “Чайна Шэньхуа Энержи” ком­панийг урьж эхний уул­зал­­тыг хийв. “Чайна Шэньхуа Энержи” ком­панийн Гадаад хө­рөн­гө оруулалтын ком­па­нийн захирал Лу Бин, Олон Улсын хамтын ажиллагааны газрын захирал Лю Сян, Шэньхуа компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Жин Гө /Баянцагаан/нар Шэньхуа группийг төлөөлөн уулзалтад оролцов.
 
Ажлын хэсгийн ахлагч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж тэдэнд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулж, Засгийн газраас Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогцоор шийдэх байдлаар хэлэлцээг үргэлжлүүлэх бодлого барьж буйгаа илэрхийлэв.
 
“Чайна Шэньхуа Энержи” компанийн Гадаад хөрөнгө оруулалтын компанийн захирал Лу Бин “...Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээг үргэлжлүүлэх, “Шэньхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээг үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна” гэлээ.
 
Засгийн газрын ажлын хэсгийнхэн мөн Тавантолгойн төсөлд оролцох боломжтой үндэсний олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл арваад компа­нийн удирдлагатай уулзаж, үндэсний олборлогч компаниуд бүтээн бай­гуулалтын ажилд хэрхэн оролцох, тэдэнд ямар нөөц боломж байгаа талаар санал солилцсон юм.
 
Юутай ч эдийн засгийн нөхцөл нэгэнт хүндэрсэн энэ цаг үед Засгийн газрын зайлшгүй хийх ёстой ажил нь Тавантолгойн төслийг урагшлуулахад байгааг ажиглагчид хэлж байна.
 
Б.Дамдин