НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх дээд комиссарын газраас зохион байгуулсан сургалт, семинарт Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн бусад дарга болон мэргэжилтнийхээ хувиар оролцсон гэх албан мэдээг үзээд дөрөв таван жилийн өмнө Монголд ирж орогнол хүсч байсан, Өвөрмонголын тэрс үзэлтэн  Батзангаа гэж хүний тухай эрхгүй санаанд буулаа. Батзангаа  “Мах цусны тасархай болсон монголчууд маань   намайг Хятадуудад барьж өгсөн” хэмээн Монголын хэвлэлд ярьсан байдаг.  Батзангаа эхнэр, хүүхдээ дагуулан Монголд ирж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хороонд хандаж орогнол хүсч байсан аж. Харамсалтай нь тэрээр орогнолын асуудлаа шийдүүлж чадаагүй байхдаа баривчлагдан нутаг буцсан нэгэн юм.  2012 онд түүний шүүх хурал болж тэрээр гурван жил хоригдох, дөрвөн жил гэрийн хорионд байх ялаар шийтгүүлсэн байдаг. Шүүх хурлын дараа Батзангаагийн 13015274638 гэсэн утасны дугаараар Монголоос холбогдож нэлээд дэлгэрэнгүй тодруулгыг хийсэн байдаг.Тэрхүү тодруулга ярилцлагыг хүргэе.

-Байна уу. Батзангаатай ярих гэсэн юм?

-Байна аа. Би Батзангаа байна. Өөрөө хэн бэ?

-Би Монголоос ярьж байна.  Сурвалжлагч хүн байгаа юм аа. Танаас би ярилцлага авах гэсэн юм. Болох уу?

-Болно оо болно.

Та зөвшөөрөл авч байж ярилцлага өгөх ёстой юу?

-Үгүй ээ, зүгээр зүгээр.

Монголын сэтгүүлчид ярилцлага өглөө гэж дараа нь танд ямар нэг дарамт шахалт ирэх үү. Яах бол…?

-Өө яахав, миний хувьд нэгэнт байдал хүнд болсон. Миний гар утсыг чагнаж байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Тиймээс би одоо юунаас ч айхгүй байгаа. Би худал зүйл яриагүй үнэнийг ярьж байгаа болохоор дарамт шахалтаас айхгүй байна.

Таны шүүх хурал саяхан болж өнгөрснийг интернэтээс олж уншлаа. Танд гурван жил хорих, дөрвөн жил гэрийн хорионд байх ял оноосон байна. Гэрийн хорионд байх ял гэхээр яадаг юм бэ. Та үүнийгээ тодруулж яриач?

-Тийм ээ, өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд шүүх хурал болж би гурван жил шоронд хоригдох ял авлаа. Мөн эрх баригчид намайг шоронд хорихоос өмнө дөрвөн жилийн турш хараандаа байлгана гэсэн үг. Хэрэв би ямар нэгэн алдаа гаргавал тэр даруй шоронд хоригдоно. “Тусгай зориулалтын мөнгийг өөр зүйлд ашигласан” буюу хятадаар “nuo yong te ding kuan wu” гэсэн үндэслэлээр надад ийм ял оноож байгаа юм байна. Би яг одоо гэрийн хорионд байх ялаа эдэлж байна. Тиймээс хаашаа ч явсан эрх баригчдаас зөвшөөрөл авах ёстой. Өмнө нь Нийтийг Аюулаас Хамгаалах товчооноос зөвшөөрөл авдаг байсан. Одоо ийш тийш явах хэрэгтэй болбол шүүхээс зөвшөөрөл авна. Түүн дээр нэмээд Оршин Суугчдын Хорооноос нэмэлт зөвшөөрөл авах ёстой гэнэ лээ. Хэрэв ингэхгүй бол би шоронд хоригдох болно. Дээр нь миний интернэтийг тасалчихсан. Би интернэтээ сэргээлгэхийг хүссэн боловч тэд орон сууцны доторхи кабелийн сүлжээ нь хуучирсан байна гэсэн янз бүрийн шалтаг тоочоод зөвшөөрөл өгөхгүй юм. Бас манай гэрийн гадаа камер зоочихсон байгаа. Энэ бүхнээр намайг хууль зөрчиж байгаа эсэхийг хянаж байгаа даа.

– “Тусгай зориулалтын мөнгийг өөр зүйлд ашигласан” гэхээр та яг ямар гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг вэ?

-Боловсролын зорилгоор олгогдсон мөнгийг машин, хаус гэх зэрэг хөрөнгийг өөртөө зориулан худалдан авсан бол энэ нь тусгай зориулалтын мөнгийг хувьдаа ашиглаж буй гэмт хэрэг юм билээ. Гэвч би ийм зүйл өөртөө худалдаж аваагүй. Тэгэхээр би ямар ч буруугүй. Би гэмт хэрэг үйлдээгүй. Зүгээр л намайг гүтгэж яллаж байна. Үнэнийг хэлэхэд 240,000 юань зувчуулсан хэмээх хэрэг нь ч үндэслэлгүй юм. Сургуулийн захирлын хувьд бид эрхэм зорилгоо болгодог боловсрол олгохоос өөр зорилгоор ямар нэгэн мөнгө төгрөг зарцуулж байгаагүй. Би үүнийг эсэргүүцэж шүүхэд давж заалдсан. Хэдийгээр би өөрийгөө гэм буруугүй гэдэгт итгэлтэй байгаа ч давж заалдах шатны шүүхийн шийдвэр миний талд гарахгүй байх гэж бодож сууна даа.

 –Та гэр бүлээрээ Монголд ирснийхээ дараа НҮБ-ын дүрвэгсдийн хорооноос орогнол хүссэн юм билээ. Яг энэ үеэр баригдаад буцсан байсан?.

-Тийм ээ. Би надад энд амьдрахад маш хэцүү болсон. Тэгээд хамгийн ойр бас мах цусны тасархай болсон монгол орон, монголчуудаа намайг авран хамгаалах байх гэж бодоод тийшээ явсан юм аа. Гэтэл зарим монголчууд миний бодсоноос өөрөөр хандаж намайг хятадуудад барьж өгсөн дөө. Одоо би тэр хүмүүст маш их гомдож байна.

-Уучлаарай, тухайн үед яг юу болсныг тодорхой ярьж болох уу?

-Бололгүй яахав. Тэр хүмүүсийн нэрсийг ч би сайн санаж байна. Улаанбаатар дахь НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг намайг оффис дээрээ дуудан ирүүлж Хятадын эрх баригчдад тушаах нууц тохиролцоо хийсэн байна лээ. Тэд 2009 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Хятадын талд биднийг хүлээлгэн өгсөн.

-Тэд гэж хэн бэ. Та сая хүмүүсийн нэрсийг сайн санаж байна гэсэн?

-Нямдоржийн Анараа, Эрдэнэбулган нар. Ялангуяа Эрдэнэбулган үүнд маш идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Анараа бидэнд бага зэрэг сэтгэлийн дэм үзүүлж байсан. Анараа, Эрдэнэбулган нараас өөр нэг ч хүн бидний Улаанбаатар хотод байрлаж байсан газрыг мэддэггүй байсан. НҮБ-ын эдгээр ажилтнууд намайг НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагт хүрч ирэхийг дуудсан нь Хятадын цагдаа нарт барьж өгөх зорилготой байсан юм билээ.

 -Хүний эрхийн төлөө ажилладаг НҮБ-ын ажилтнууд арай ч тийм хүний эрх зөрчсөн зүйл хийхгүй байлгүй дээ. Танай гэрийг Монголд байгаа нутаг нэгтнүүд чинь мэддэг байсан юм биш үү?

-Би хэдэн баримт хэлье. Болох уу?

-Бололгүй яахав?

-2009 оны 10 сарын 3-нд баригдахаас өмнө манай хаалгыг цагдаа нар олон удаа балбасан. Бид хаалгаа тайлж өгөөгүй. Цагдаа нар биднийг тэр орон сууцанд байгаа гэдгийг аль хэдийнэ мэдчихэж. Тэд яаж мэдсэн байх вэ. НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн дээр дурьдсан хоёр ажилтан бидний байгаа газрыг зааж өгсөн нь тодорхой. Бид хаалгаа 2009 оны 10 сарын 3 хүртэл хэнд ч тайлж өгөөгүй. Харин энэ өдөр Анараа над руу залгаж “Зарим зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Хүрээд ирээч” гэсэн. Би тэдний ажлын газар 14 цагийн орчимд очсон. Гэтэл Анараа “Бид таны хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна. Учир нь та эдийн засгийн гэмт хэрэг өдөөсөн байна” гэж хэлсэн. Анараа надад хандаж “ Нэгдүгээрт, та Ордос, Монголын Эмийн холбооны байнгын хорооны гишүүн тул хавчигдаж мөрдөгдөхгүй, хоёрдугаарт, Хятадын эрх баригчид танай сургуулийн эзэмшил хэсэг газар болон мөнгийг олгож байсан тул таныг мөрдөхгүй, гуравдугаарт,Та Хятадад өр төлбөртэй юм байна” гэж нэмж хэлсэн. Анараа ингэж хэлснээрээ Эрдэнэбулган тэр хоёр Хятадын эрх баригчидтай ойр холбоотой байж, миний асуудлаар нууцаар холбогдож байсан нь илэрхий байгаа биз.

-Энэ нь НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссоос танд өгсөн албан ёсны хариу мөн үү?

-Мэдээж биш ш дээ. Үүнээс өмнө миний өргөдлийг хүлээж авснаа илэрхийлэн улс төрийн орогнол хүсэгчийн гэрчилгээг тус байгууллагаас надад олгосон байсан. Би Анараагийн аман шийдвэрийг сонсоод “Эхнэр, охин хоёртойгоо зөвлөлдөх хэрэгтэй байна” гэхэд Анараа “Танд тийм цаг байхгүй. Та шууд өөрийн эх орондоо албадан буцаагдах болно” гэж хэлсэн. Би хариуд нь давж заалдах өргөдлөө өгнө гэж хэлээд тэр дор нь өргөдөл бичсэн. Намайг өргөдлөө бичгийн цаасан дээр бичихийг хүссэн. Би уйгаржин монгол бичгээр бичсэн. Намайг өргөдлөө бичиж байхад Анараа компьютер дээрээ ямар нэгэн юм бичиж байсан. Миний хэрэг дээр давж заалдах өргөдөл гаргасан талаар бичиж байна гэж бодсон. Өргөдлөө бичиж дууссаны дараа 17 цагийн орчимд Эрдэнэбулган намайг дагуулж гараад цагдаа нарт тушаасан даа. Ингэж л би болон манай гэр бүлийн гишүүдийг хэсэг бүлэг монголчууд Хятадад худалдсан. Яагаад би худалдсан гэж хэлж байна гэхээр Монголын тал таван сая юань авсан гэж сонссон. Би энэ мөнгийг яаж хуваасан, хэн хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. Ийм л учраас тэд намайг Хятадад худалдсан гэж хэлээд байгаа юм шүү. Үүнийг би баталгаатай эх сурвалжаас сонссон шүү.

-Тийм үү. Та яг үнэн ярьж байгаа биз. Уг нь улс төрийн орогнол хүссэн хүнийг НҮБ нутаг руу нь буцаадаггүй биз дээ?

-Үнэн үнэн, надад худлаа ярьж хэн нэгэн хүнийг гүтгэх шаардлага байхгүй. Уг нь НҮБ-ын дүрвэгсдийн хороонд ажиллаж байгаа хүмүүс хууль дүрмээ мэдэж л баймаарсан даа.

-Таныг баривчлахдаа зодох ч юм уу, ямар нэгэн байдлаар дарамталсан уу. Биед тань гэмтэл учруулсан уу?

-Үгүй ээ, зодож дарамтлаагүй. Харин сэтгэл санааны дарамтад их оруулсан шүү. Одоо ч би сэтгэлийн дарамттай байна. Охин минь сургуульд сурч байна. Өвөрмонголын болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг байнга муулж элдвээр ярьж бичиж байна. Охин минь энэ бүхнийг сонсоод дотроо яаж шаналж байгааг би мэдэхгүй байна ш дээ. “Миний охин яаж байна” гэж би асууж чадахгүй байна. Тэр өдөр хоёр цагдаа, хоёр цагаачлалын албаны хүнтэй хамт намайг баривчилсан. Тэд намайг шууд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар аваачсан. Тус газрын дарга Д.Мөрөн надад хандан “Эдийн засгийн гэмт хэрэг өдүүлсэн учраас таныг баривчлахаар Хятадаас дөрвөн цагдаагийн ажилтан ирсэн байна. Та тэдэнд НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комисст гаргасан орогнол хүсэх өргөдлийнхөө тухай дурьдахгүй байх нь аминд чинь өлзийтэй шүү. Хэрэв та энэ тухайгаа хэлэх юм бол Хятадад очсон хойноо илүү хүнд шийтгэл хүлээх болно” гэж хэлсэн. Мөрөн дарга бас “Танай эх нутгийн цагдаа нар удахгүй ирнэ. Тэд орж ирэнгүүтээ бүх үйл явдлыг видеогоор бичнэ. Та тэдний хий гэснийг хийх ёстой. Хэрэв ингэхгүй бол Монголын Эрүүгийн цагдаагийн газрынхан таныг номхтгох болно. Та сургуулийн захирал хүн, боловсролтой хүн байна. Та өөрийн хүүхэд, эхнэр хоёроо бодох хэрэгтэй” гэж хэлж байсан. Удалгүй дөрвөн хүн орж ирснийг Д.Мөрөн дарга надад танилцуулахдаа Өвөрмонголын Өөртөө Засах Орны Дотоодыг Хамгаалах товчооны дэд дарга Жаргал, ӨМӨЗО-ы Цагаачлалын газрын дарга Бай Ина, Ордос хотын Гэмт хэргийн эрэн сурвалжлах товчооны дэд дарга Фен, Доншен дүүргийн гэмт хэргийн цагдаагийн газрын орлогч дарга Чен Бо хэмээн танилцуулсан. Хятадууд намайг байнга улс төрийн хэрэгт холбон сэрддэг байсан учраас Монгол руу ийм өндөр албан тушаалын дарга нараа илгээсэн юм билээ.

 -Таныг Өвөрмонголын тэрс үзэлтэн Батзангаа гэж нэрлэдэг юм билээ. Та тэгэхээр нэлээд тэмцэгч хүн учраас таныг баривчлах гэж Хятадын нөлөө бүхий том дарга нар Монголд ирсэн байх нь ээ?

-Манай сургууль Төвд, Монголын анагаах ухаан заадаг байсан тул тэд үргэлж намайг Төвдтэй холбоотой гэж харддаг байсан юм. Үүний үр дүнд манай сургуульд үндэсний цөөнхийн боловсролын журмаар хууль ёсоор олгогдсон газрыг Засгийн газар хураан авсан. Үүнээс болж манай сургуульд санхүүгийн хүндрэл учирсан. Манай сургуультай холбоотой хэрэг явдлыг үнэн шударгаар шийдэж өгөхийг би олон удаа хүсч байсан. Миний бүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс болоод л би тэрс үзэлтэн нэртэй болсон. Би хэзээ ч нам болон Засгийн газар, эрх баригчдын эсрэг утга агуулгатай зүйл хийж байгаагүй юм шүү. Мөрөн даргын өрөөнд цааш юу болсныг би танд ярих уу?

-За?

-ӨМӨЗО-ы Нийтийг Аюулаас хамгаалах Товчооны орлогч дарга Жаргал надаас тэдэнтэй хамт Хятад руу явах хүсэлтэй эсэхийг асуухад “Хэрэв Монголын Засгийн газар намайг хэсэг зуур үлдэхийг зөвшөөрвөл би эндээ үлдэхийг сонгоно” гэж хариулсан. Гэтэл Д.Мөрөн “Та өөрийн Хятад эх орондоо очих ёстой. Эс бөгөөс манай эрүүгийн цагдаа нар ирэх болно” гэсэн. Энэ бүхэн тэдний авсан видео бичлэгт үлдсэн байх ёстой. Тэгээд тэд намайг эхнэр, охин руугаа утсаар ярьж Д.Мөрөнгийн өрөөнд паспортаа аваад ир хэмээн хэлэхийг тулгасан. Тэр оройдоо бид Улаанбаатарт нэгэн буудалд хоригдсон. Доншен дүүргийн эрүүгийн цагдаа болон Ордос аймгийн гэмт хэргийн эрэн сурвалжлах товчооны хоёр цагдаа намайг нэг өрөөнд харгалзан, охин эхнэр хоёр маань өөр өрөөнд хоригдсон. Тэр орой арав гаруй монгол цагдаа нар болон хамгаалалтын албаныхан зочид буудлыг манаж байлаа.

-Хаана байдаг, ямар буудалд та нарыг хорьж байсан бэ?

-Зочид буудлын нэрийг нь санахгүй байна. Энхтайваны гүүрний хажууд байрлах зочид буудал байсан. Монголын цагдаа болон энгийн хувцастай хүмүүс биднийг харгалзан зочид буудлын эргэн тойронг бүсэлсэн байсан. Маргааш өглөө нь Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Д. Мөрөн хэдэн хүмүүсийн хамт буудалд ирж Хятадын цагдаа нартай өглөөний хоол идсэн. Бас Монгол дахь Хятадын Элчин сайдын яамны олон түшмэд биднийг баригдсан орой зочид буудалд хүрэлцэн ирж Монголын албаны хүмүүстэй ууж наргиж байсан. Энэ бүхэн бүгд үнэн шүү.

-Та нарыг энэ зочид буудалд хэд хоног хорьсон бэ?

-2009 оны аравдугаар сарын 4-ний 10 цагийн үед Хятадын Элчин сайдын яамны түшмэд, Монголын албаны хүмүүс болон цагдаа нар нийлсэн гучаад хүн биднийг онгоцны буудал дээр авчирсан. Бидний визийн хугацаа хэтэрсэн учраас бага зэрэг саатсан боловч Д.Мөрөн, Эрдэнэбулган болон гаалийн зарим ажилтнуудын ачаар бүх үйл явцыг түргэтэн, гаалиар давсан. Албадан гаргаж байгаа талаар ямар нэгэн албан ёсны баримт бичгийг Монголын тал үйлдээгүй. Англиар бичсэн нэг бичгэн дээр тайлбарлаж өгөхгүйгээр хүчээр гарын үсэг зуруулсан. Ингээд Хятадад ирсний дараа намайг 24 цагийн турш 10 цагдаа ээлжлэн байцаасан. Тэдний байцааж асууж байсан зүйл нь үндэстний цөөнхтэй холбоотой болон манай сургуулийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуултууд байсан. Тэд намайг сургуульд зориулан өгсөн мөнгийг аваад Хятадаас зугтсан хэмээн сэжиглэж байсан. Удалгүй тэд намайг Хятадаас Монгол руу ямар нэгэн мөнгө авч яваагүй болохыг тогтоосон. Тэд надаас миний санхүүгийн болон банкны дансны талаар асуусан. Намайг гэмт хэрэгтэн хэмээн баталчих ганц ч баримтыг тэд олоогүй. Гэсэн хэдий ч тэд намайг 99 хоног саатуулж хорьсон. Энэ нь хуульд заасан 97 өдрөөс хоёр хоногоор илүү байгаа юм. Эхлээд намайг залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж байснаа сүүлдээ тусгай зориулалтын мөнгийг өөр зүйлд ашигласан гэсэн хэрэг болгон өөрчлөгдсөн. Эрх баригчид надаас гэмт хэргийн шинжтэй зүйл юу ч олоогүй. Манай сургууль үндэсний цөөнхийг сургадаг тул Засгийн газраас тэтгэлэг хэлбэрээр 360,000 юань авсан нь үнэн. Үүнээс 240,000 юанийг Шилийн гол, Жирэм хошуу зэрэг бусад бүс нутгийн оюутнуудад тэтгэмж болгон олгосон. Намайг буруутгаж байгаа гол шалтгаан нь тэтгэлэг олгох ёсгүй байсан оюутнуудад боловсрол олгосон. Учир нь эх зөвшилцөл дээр нь тэтгэлэг хүртэгчийн нэрс байхгүй байсан гэнэ. Бас тэдэнд зориулж тусгай сургалт, хичээлийн хөтөлбөр боловсруулахын оронд би хуучин хэрэглэж байсан хөтөлбөр, сургалтыг ашигласнаараа буруутгагдаад байгаа.

 -Таны НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комисст гаргасан улс төрийн орогнол хүссэн өргөдлийн хариу юу болж байгаа бол. Та энэ хариугаа авч чадалгүй баригдаад явчихсан юм байна ш дээ?

-Би давж заалдсан өргөдлөө цааш нь үргэлжлүүлмээр л байна. Би Улаанбаатар хот дахь НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагтай утсаар ярих гэж оролдсон. Ерөөс залгах боломжгүй байсан. Миний бүх олон улсын дуудлагууд хаагдсан. Би нийтийн утсаар ч гадаад руу залгах эрхгүй байна. Бидэнд туслах хүн олдвол Улаанбаатар дахь НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагтай холбоо тогтоож бидний өмнөөс асууж сураглавал тун сайн байна. Надад НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссын улс төрийн орогнол хүсэгчийн гэрчилгээ байгаа бөгөөд би энэ хэргээ эцэст нь хүртэл үзмээр байна. Миний хэргийн дугаар 670-09C00008 гэсэн дугаартай.

-Хятадын эрх баригчид таныг НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комисст улс төрийн орогнол хүссэн өргөдөл гаргасан гэдгийг мэдээд хэрхэн хандсан бэ?

-Тэд бүх зүйлийг мэдэж байсан боловч авч хэлэлцээгүй. Зөвхөн хөрөнгө мөнгийг өөр зүйлд зарцуулсан хэмээх гэмт хэрэгтээ буруутгасаар байна. Намайг улс төрийн орогнол хүсэгч гэдгийг зарлах нь улс орны нэр хүндэд муу. Миний есөн настай охин болоод бид бүгдийн паспортыг хураан авсан. Намайг гэмт хэрэгт сэжиглэгдэн паспорт хураан авч болох ч миний эхнэр, охины бичиг баримтыг хураан авна гэдэг нь ямар ч эрх зүйн үндэс байхгүй юм. Бидний бүх санхүүгийн болон банкны баримт бичгүүдийг цагдаа нар хураагаад авчихсан.

Та түрүүнд шүүх хурлыг монгол хэл дээр явуулсан гэж байсан. Ер нь өвөрмонгол хүн шүүх хурлыг монгол хэл дээр явуулж байсан түүх байдаг уу?

-Шүүх хурал монгол хэл дээр явагдаж байсан гэсэн. Гэхдээ цөөхөн байх шүү. Би шүүх хурлаа хятад хэл дээр явуулж болох байсан л даа. Гэхдээ монгол хэл шигээ хятадаар мэтгэлцэж чадахгүй учраас би шүүх хурал гэлтгүй бүх ажиллагааг монгол хэлээр явуулахыг тэднээс хүссэн. Миний болон өмгөөлөгч Хөхбулагийн хүчтэй шаардлагын үр дүнд шүүх ажиллагаа монгол хэлээр явагдсан. Гэхдээ шүүхийн ихэнх баримт бичгүүд нь хятадаар гарсан. Шүүх хурлын турш намайг хятад хэлийг албан хэлээр хэрэглэхийг ятгах гэж оролдсон. Би татгалзсан бөгөөд тэд монголоор яриулахаас өөр аргагүй байдалд орсон доо. Би бас хоригдож байхдаа хятадаар ярихаас татгалзаж монголоор ярьдаг байсан. Би тэднээс “Яагаад би хятадаар ярих ёстой гэж, бүх зүйл яахаараа хятадаар байх ёстой юм” гэж асуусан. Саатуулах байрны хятадууд миний юу ярьж байгааг ойлгоогүй. Тийм учраас тэд намайг монголоор ярихыг болиулах гэж оролдсон. Би татгалзаж, хэрэв миний юу ярьж байгааг мэдмээр байвал монгол хэлний орчуулагч хөлсөл гэж хэлсэн.

-Таныг нэлээд чилээчих шиг боллоо. Уучлаарай. Давж заалдах шүүх хурлын шийдвэр гарсны дараа тантай эргээд холбогдоно оо?

-Зүгээр ээ, би уг нь эцэг дээдсийн минь нутаг болсон Монгол орондоо очно гэж Монголоо үргэлж гоёор бодож төсөөлдөг байлаа. Гэтэл зарим хүмүүсийн “ач буян”-аар Монголд очно гэж бодогдохоо байчихлаа. Миний төлөө анхаарал тавьж байгаа монголчууддаа баярлалаа гэж хэлье.” хэмээн ярьсан байдаг.

Өвөрмонголын тэрс үзэлтэн Батзангаа гэж хүний хэлж ярьсныг нэмэр хачиргүй хүргэхэд ийм байна. Тэрбээр шүүхийн шийдвэрийн дагуу шийтгэгдэж байгаа бол гурван жил хоригдох ялаа эдлээд өдгөө гэрийн хорионд байх ёстой юм.

Эх сурвалж: Шуурхай.мн