Нилээдгүй хэдэн жилийн тэртээ их хотын гудамжаар хуримын хувцастай нэгэн хөөрхөн охин хормой дэрвүүлэн гүйж байгаар хийгдсэн тун сонирхолтой шинэлэг клиптэй дуу цацагдсан даруйдаа л үзэгч, сонсогчдын дунд хит болж шуугиан тарьж байсан нь хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, "Sweetymotion" хамтлагийн продюссер, МУСТА Б.Чинбатын "Дэгжин нүдэн" хэмээх дуу юм. Түүнээс хойш олон сайхан хөгжмийн болоод дууны урлагийн бүтээлүүдийг туурвисан цацагдсан даруйдаа л хит болсоор ирсэн юм. Тэгвэл өнөөдөр эрхэм уран бүтээлч маань "Үл таних бүсгүй" хэмээх өөрийн шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогч, түмэндээ хүргэж эхэллээ.

Түүний шинэ уран бүтээлийн хамтрагчдаар сэтгүүлч, яруу найрагч, эрдэмтэн МУСГЗ Ү.Хүрэлбаатар шүлгийг нь тэрлэж, Хөгжмийн зохиолч МУУГЗ Л.Балхжав аялгууг нь туурвиж хамтарчээ. "Үл таних бүсгүй" хэмээх шинэ уран бүтээлийн хөгжмийг монголын орчин үеийн эстрадын урлагийн тулгын чулууг тавьсан “Баян Монгол” чуулгын хөгжимчид тоглосон бол найруулгыг нь өөрөө хийж микс мастерингийн Сингапурт хийлгэжээ.

Ингээд та бүхэндээ ирэх сарын 07,08,09-ний өдрүүдэд "UB Palace"-ын концертын их танхимд зохион байгуулагдах Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд - 2013" концертонд зориулагдан бүтээгдсэн "Үл таних бүсгүй" шинэ уран бүтээлийг толилуулъя.