Манай улсын хэмжээнд хурдан морь унаж уралдуулдаг 30 гаруй мянган хүүхэд бий. Сүүлийн хоёр жилд 593 хүүхэд мориноос унаж хүнд, хөнгөн гэмтэл авсан, түүнээс долоо нь эндсэн гэсэн судалгааг ХЭҮК, ХТҮГ-аас гаргасан байдаг.

Хүүхдийн эрхийг зөрчиж буй уг асуудлыг хүний эрхийн байгууллагаас удаа дараа анхааруулж ирсэн. Тэгвэл унаач хүүхдүүдийг БНХАУ-д аваачиж уралдуулдаг болсон ноцтой зөрчил илэрчээ. Тодруулбал, энэ онд 169 хүүхэд морь унахаар урд хөршийг зорьсныг Хүний эрхийн үндэсний комиссоос тогтоосон байна. Тэдний найм нь хурдан морь унахаар явж буйгаа визний мэдүүлэгтээ албан ёсоор мэдүүлсэн байжээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоос энэ талаар тодруулахад “Бид дотооддоо хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалахаар тэмцэж байхад одоо бүр гадагшаа гаргаж уралдаанд оролцуулдаг болжээ. Энэ бол хүүхдийн эрхийн маш том зөрчил.

Тэдгээр хүүхдийн олонх нь амьдралын түвшин доогуур айлын хүүхдүүд байна. Бид холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан. Дахиж ийм зорилгоор хүүхэд хилээр гаргахгүй байх тал дээр анхаарч байна” гэлээ.