Тавантолгойн 49 хувийг 400 сая доллараар наймаалцах гэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан Засгийн газрын газрын ажлын хэсэг Хятадын “Шинхуа” группийнхэнтэй энэ сарын 9-нд уулзаж Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар санал солилцсон билээ. Энэ үеэр Хятадын талаас Ажлын хэсэгтэй хэлэлцээгээ үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой буйгаа илэрхийлээд буцсан байдаг. Сү.Батболдын Засгийн газрын үеэс эдийн засгийн эргэлтэд оруулахаар бодлого шийдвэр гаргасан ч Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гацаанд орсон Тавантолгойн ордыг дахин хөдөлгөхөөр талууд ширээний ард суусан нь мэдээж сайн хэрэг.

Гэвч Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийн ард 49 хувийг Хятадын талд 400 сая ам.доллараар зарах тухай тохирооны эхлэл байжээ. Нэг үгээр хэлбэл, энэ уулзалтын хөшигний ард Тавантолгойг Хятадтай наймаалцах тохироо хийж, наймаалцахаа олон нийтэд зарласан нь энэ.

Эх сурвалжийн хэлж буйгаар Сү.Батболдын Засгийн газрын үед “Чалко”-д тавьсан 350 сая ам.долларын үлдэгдлийг тэглээд хариуд нь 49 хувийг худалдаж авахаар Хятадын талтай тохирч буй бололтой. Өдгөө “Чалко”-той байгуулсан гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компаниас 85 сая ам.долларын өртөг бүхий нүүрсийг Хятадад нийлүүлэх үүрэгтэй. Харин ирээдүйд олборлох нүүрсээрээ барьцаалан зээлсэн 350 сая ам.долларыг Сү.Батболдын Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх, сонгогчдьш саналыг худалдан авахад зарцуулсан хэмээн сөрөг хүчин хийгээд олон нийт буруутгадаг. Үүнийг МАН-ынхан үгүйсгэдэг ч 2012 оны сонгуулийн өмнөхөн 21 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөрийг гэнэт шилжүүлсэн байдаг.

Тавантолгойг барьцаалж зээлсэн “Чалко”-гийн 350 сая ам.долларын өрийг 2012 оноос нүүрсээр төлөх үүрэг хүлээсний дагуу тонн тутмыг нь 70 ам.доллараар зөөж эхэлсэн билээ. Гэвч “Чалко”-той байгуулсан гэрээ Н.Алтанхуягийн Засгийн газрын үед маргаан дэгдээж Ч.Сайханбилэгийн үед гэрээнд үнийн өөрчлөлт оруулах зэргээр Тавантолгойг тойрсон маргаан тасраагүй. Албаныхны өгсөн мэдээллээр 2012 оноос нүүрсээр төлсөн “Чалко”-д 350 сая ам.долларын өр өнгөрсөн сарын байдлаар 85 сая ам.доллар үлдээд буй. Энэ чигтээ нүүрсээ нийлүүлсээр явбал ирэх оны хоёрдугаар сард “Чалко”-гийн өрийг бүрэн тэглэх мэдээлэл бий.

Хачирхалтай нь, үүнийг хүлээлгүйгээр санаанд оромгүй шийдэл гаргасан нь 49 хувиа худалдаж үлдэгдэл 85 сая ам.долларыг тэглэх ажээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн Тавантолгойн ордын 49 хувь 485 сая ам.доллараар л үнэлэгдэх нь.

Цаашлаад Тавантолгойн төмөр замыг барих яриа хэлэлцээ амжилтгай болбол Хятадын тал 49 хувийн давуу эрхтэйгээр оролцох юм. Төмөр зам барьсны дараа 49 хувийг нь мөн эзэмшинэ гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, төмөр замаа өөрсдөө тавьчих боломж байгаа мөртлөө Хятадын талтай хамтарч эзэмших хэрэг. Угтаа бол төмөр замаа тавьчихвал тэндээс төвлөрүүлэх орлого нь улсын төсвийн 10-15 хувийг 300 жилийн турш хангаад явах бололцоотойг судлаачид хэлж байгаа юм.

Харин Засгийн газрын төвшинд ирэх оныг хүлээлгүйгээр Тавантолгойн 49 хувийг худалдах тохироо хийж эхэлсэн бололтой. Хамгийн ноцтой нь, Тавантолгойн 49 хувийг арилжаалж мөнгөтэй боллоо гээд Монголын талд ямарч ашиггүй. Түрхэн хугацаанд гал унтраагаад л өнгөрнө. Гэхдээ Тавантолгой ямар хэмжээний орд болохыг санахад илүүдэхгүй. Учир нь, Тавантолгойн коксжих нүүрс нөөцийн хэмжээгээрээ дэлхийд эхний 10-т багтдаг. Үүнээс IV давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай буюу Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс коксжих чанараараа давуу гэсэн үг. Дээрээс нь, тус хэсгийн ашиглалтын уул-геологийн нөхцөл энгийн, нүүрсний давхарга нь бага гүнд тогтсон, унал бага учир хөрс хуулалтын ажил бусад уурхайтай харьцуулахад 2-3 дахин бага гэсэн тооцоо бий.

Мөн Тавантолгойн орд нь дэд бүтцээс нэлээд алслагдсан хэдий ч 6.5 тэрбум гаруй тонн нөөцтэй. Үүнээс IV хэсгийн пласт нь ордын төвд, нөхцөл нь хамгийн сайн, нөөцийн хувьд 100-гаас дээш жил үргэлжлэх боломжтой. Энэ бол Тавантолгойн ордын ерөнхий танилцуулга. Өөрөөр хэлбэл, ямар хэмжээний баялгийнхаа 49 хувийг Хятадад зарах гэж буй нь эндээс шууд ойлгогдохоор. Гэтэл эрх баригчид гэнэт барин тавин Тавантолгойгоо хагас тэрбум ам.долларын өртөгтэйгөөр Хятадын талд өгөх гэж байгаагийн ард хэний эрх ашиг сонирхол нуугдаж байна вэ. Удахгүй шинэ он гарна. Өчигдөрхөн Засгийн газрын хуралдаанаас энэ сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг ирэх сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр ирэх сарын 2-ныг хүртэл дөрөв хоног амрахаар болж байна. Эх сурвалжийн хэлж буйгаар он солигдохын өмнөхөн УИХ-аар Тавантолгойн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэх. Өөрөөр хэлбэл, иргэд олон нийтийг амарч байх зуур Тавантолгойн 49 хувийг Хятадын талд худалдах эсэх асуудлыг дэнслэх нь 

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/