Өвлийн улирал ирж, хальтиргаа гулгаа нэмэгдэн, эрт харанхуй болж байгаа энэ үед зам тээврийн ослоос бяцхан хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх зорилгоор 9-р сараас эхлэн Замын цагдаагийн алба нь нийгмийн хариуцлагаа ухамсарлагч төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Ерөнхий боловсролын бага болон дунд ангийн сурагчдад “Хүүхдүүдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг хүүхэд багачууд, олон нийтэд таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг олгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээ мэдээллийг хүргэх, эцэг эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “ЦАЦРУУЛАГЧТАЙ ХАНЦУЙВЧ” бэлэглэж эхэлсэн билээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 214 ерөнхий боловсролын сургууль байгаагаас нийт 221320 сурагч суралцаж байна.

Уг ажлын хүрээнд:

“Porshe-Улаанбаатар” төвтэй хамтран 67, 102 дугаар сургуулийн нийт 1000 сурагчдад,

“Петровис” ХХК-тай хамтран ХУД-ийн 130 дугаар сургуулийн 1-4-р ангийн 320 сурагчдад,

2 дугаар сургуулийн 1100 сурагчдад,

“Төмөр Трейд” ХХК-тай хамтран Эрдмийн өргөө, Ирээдүй цогцолбор, 24 дүгээр сургууль, Үй-цай, Шинэ-үе, 20 дугаар сургуулиудын 3000 сурагчдад,

“Доктор авто сүлжээ” ХХК-тай хамтран 80 сургууль, 81 сургууль, 83 дугаар саргууль, Орос 3 дугаар сургууль, 22 дугаар сургууль, Амгалан цогцолбор сургууль, Шавь цогцолбор сургуулиудын 1500 сурагчдад

“Цацруулагчтай ханцуйвч” бэлтгэн 6920 сурагчдад тарааж, сургалт хийн “Замын хөдөлгөөний цагаан толгой”, “Аюулгүй замын хөдөлгөөнд оролцох” гарын авлага ном тараасан байна.

 

Аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх нь аюул гарсан хойно арга хэмжээ авсанаас  илүү үр дүнтэй гэдгийг нийгмээрээ ойлгох хэрэгтэй. 

 

Нийслэл хотын хэмжээнд одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа 250 гаруй Ерөнхий боловсролын сургууль байгаа бөгөөд үүнээс замтай ойр байрлах, зам тээврийн осол ихээр гарч болзошгүй эрсдэлтэй 60 гаруй сургууль байгаа юм.

Иймээс энэхүү ажлыг үргэлжлүүлэх, цаашид бүх хүүхдэд цацруулагчтай ханцуйвч бэлтгэн тараах тэр дундаа замтай ойр байрлах сургуулийн бага бүлгийн сурагчдад тараахаар зорин ажиллаж байна гэж ЗЦГ-ын олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Мөн энэхүү ажлыг дэмжиж хамтарч ажиллах байгууллагуудын өмнө нээлтэй гэдгийг хэллээ.

Энэхүү нийгэмд тустай, нийгмийн өмнө, тэр дундаа хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай байж, тэднийг дэмжсэн үйл ажиллагааг зохион байгууллах нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийгдэж буй ажил юм. Иймээс энэхүү ажлыг хамтран зохион байгууллах хувь хүн, албан байгууллагуудыг дэмжиж ажиллахыг уриалж байна гэж Замын Цагдаагийн газраас хэллээ. Уг ажлыг өргөн хүрээнд зохион явуулснаар бяцхан хүүхдүүдээ зам тээврийн осолоос урьдчилан сэргийлж, мөн үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.  

Өмнө нь Замын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоотой хамтран сурагчдад цацруулагчтай цүнхний уут бэлэглэж байсан бөгөөд энэ нь зөвхөн араасаа гэрэлтдэг байсан. Цацруулагчтай ханцуйвчийг хүүхдүүд баруун гартаа зүүж явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахдаа тухайн цацруулагчтай гараа өргөж ирж яваа тээврийн хэрэгсэлд зам хөндлөн гарах гэж буйгаа мэдэгдэх юм.

Цацруулагчтай ханцуйвчаар дамжуулан нийт эцэг эхчүүд болоод жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой  оролцож “ногоон ханцуйвч, цүнхтэй хүүхдүүдэд зам тавьж өгөөрэй”  гэж уриалж байна.

 

М.Буянжаргал

Cityinfo.mn

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8