Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр Аймгийн ИТХ-ын дарга Б.Гансүх нарын томилгоог Дээд шүүхийн хурлаар хүлээн зөвшөөрлөө.

Сүхбаатар аймгийн АН-ын хорооноос Аймгийн Засаг дарга З.Энхтөр, ИТХ-ын дарга Б.Гансүх нарын томилгоог эсэргүүцэж  ИТХ-ын хурлын  анхдугаар шийдвэрийг хүчингүйд тооцох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаад байсан юм.

 Уг нэхэмжлэлийн дагуу анхан шатны болон давж заалдах шатны хурлаар Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар шийдвэрийг хүчингүйд тооцсон шийдвэрийг гаргаад байсан ч өнөөдөр болсон Дээд шүүхийн хурлаар ИТХ-ын анхдугаар шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэлгүй болохыг баталсан байна. Ингэснээр аймгийн ИТХ-ын анхдугаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэж  Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр Аймгийн ИТХ-ын дарга Б.Гансүх нарын томилгоог Дээд шүүхийн хурлаар хүлээн зөвшөөрлөө. Анхдугаар хурлаар ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах, ИТХ-ын даргыг сонгож томилох, Засаг даргад өргөн мэдүүлэх, ИТХ-ын тэргүүлэгчдийг батлах, Тооллогын комисс байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хуулийн дагуу хийгдсэн болохыг Дээд шүүхээс тогтоож өгсөн нь энэ юм гэж Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.