Сурлага, урлаг, спорт, сайн үйлсээрээрээ үе тэнгийн найзуудаа манлайлсан 2016 оны “Онцлох хүүхэд”-үүд өнөөдөр тодорлоо. 1991 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран жил бүр эх орныхоо өнцөг булан бүрээс  сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээр тэргүүлсэн шилдэг хүүхдүүдээс сонгон “Оны онцлох хүүхэд”-ийг тодруулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд “Онцлох хүүхэд”-д нийт 21 аймаг, 9 дүүргээс шилдэг 115 хүүхдийн материал ирсэн бөгөөд үүнээс есөн номинациар шилдэг 20 хүүхдийг тодруулжээ.  Эдгээр шилдэг сурагчдыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О. Алтансүх хүлээн авч “Онцлох хүүхэд” өргөмжлөл,  “Шилдэг хүүхэд” медалийг гардууллаа. Тэрээр шилдэг сурагчдад хандаж ” Олон хүмүүст тусалж, эерэг сайхан өөрчлөлтийг авчирсан Монгол Улсын сайн иргэн болоорой” хэмээн захилаа. Харин оны онцлох хүүхдийг хэрхэн шалгаруулсан талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б. Халиунаас тодруулахад “Хүүхэд бүр  математикч болох албагүй. Харин хүүхэд бүрийн онцлог, бусдын төлөө гэсэн чин сэтгэлийг түлхүү харсан. Нийгэмд муу муухайгаасаа илүү сайн үйл олон байдаг юм шүү гэдгийг хүүхдүүд маань харуулж чадлаа” гэсэн юм.

      Энэ жилийн оны онцлох хүүхдийн дунд таван настайгаасаа дуулж,  долоон настайгаасаа  ая зохиож, найман настайгаасаа нотолж сурсан Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б. Өнөржаргал, Ази тивийн даамын 3 удаагийн аварга Э. Хүслэн, Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 төрлөөр алтан медаль хүртэн 1 төрлөөр рекордын эзэн болсон Э. Пүрэвжав, “Баярлалаа” сайн үйлсийн аяныг зохион байгуулж 1,280,000 төгрөгийн хандив цуглуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусалсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э. Бүрэнчөдөр, Ардын уламжлалт тоглоом наадгайнуудыг үе тэнгийнхэндээ заан сургаж, ардын уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа сурагч Х. Мөнхшагай, Галын аюулаас иргэний амь нас,  эд хөрөнгийг авран хамгаалсан Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч С.Амарзаяа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” ерөнхий боловсролын сургуулийн 7в ангийн сурагч Д. Бямбадорж нарын шилдэг сурагчид байлаа.