“Өвчтнүүд нь гуйлга, хандив цуглуулж, амь гуйна”
Арванхоёрдугаар сар гарахтай зэрэгцэн монголчууд хуучин оноо үдэх ажиллагаанд ордог. Ингэхдээ баярын хүлээлт авалт хийж, шилдгүүдээ тодруулдаг. Манай улсад энэ нь  тогтсон заншил маягийн юм болчихсон.

Тэгвэл энэхүү тогтсон хэв маягт Германд ажиллаж, амьдардаг нэгэн эмч дүгнэлт хийжээ. Тэрбээр “Монголчууд минь энэ их хэлбэрдэлтээс юу ч үлдэхгүй шүү! Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд л энэ шинэ жилээр МЗХолбооноос 37 номинацаар шилдэг 37 залуу эмчийг тодруулж, төрийн яам нь 2 гавьяат эмч , 9 хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 37 алтан гадас одонг гардуулж. За тэгээд жижиг медаль, салбарын тэргүүний жуух гээд л хөврөх. Мөн эмнэлэг тус бүр дотроо шинэ жилдэж бас тэргүүнийх гэж шагнах.

Германд 17 жил болжээ, үүнээс эхний зургаан жилийг нь эрдмийн зэрэг хамгаалах, эрдэм шинжилгээ судалгааны ажил харин үлдсэн 10 гаруй жилийг нь цэвэр мэс заслын эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд нэг ч гавъяат, нэг ч одонт эмч, шилдэг эмч гээчийг бүүр сонсоогүй, хараагүй. Нээрээ шүү бүр нэг ч байсангүй, ирээд ч олдохгүй!!! Гэтэл монголд салбараараа шилдэгүүд болж байна, одоо бүүр одонт эмнэлэг гэж эмнэлгийн далбаан дээр одон зүүж хэлбэрдэх юм. Хамгийн гол нь шагнал аваад бүүр дүрдээ итгээд, бодит үнэнг харахгүй болчих юм.

Бодит байдал, үнэн бол тэс өөр байгаа. Дэлхийн анагаахын хөгжлөөс 10-15 жилийн хоцрогдолтой, эмнэлгүүд нь ажилчидтайгаа ядуурлын түйлд хүрчихээд байна. Өвчтнүүд нь гуйлга, хандив цуглуулж амь гуйна. Ямар их шинэ жилийн баяр хийдэг юм. Эмнэлэгээрээ, мэргэжлийн нийгэмлэгүүдээрээ, төгсөлтөөрөө гээд л явж өгнө. Хайран мөнгө баймаар!

Би энд нэг л шинэ жилд орсон, ажлынх, нэг ч төгрөг зараагүй! Нэг л сайн бут авсаан. Өө нэрээ сако дотуур өмсөх ганц цагаан цамц л авч.

Харин энд германууд мөнгөө юунд зарж байна гээч? манай эмнэлэг хоёр робот мэс заслын багажтай байж одоо шинэ хувилбар нь гарсан тул тэрийг нь авна гээд гэрээ хийж байна. Мөнгөний хуримтлал жижиг юмнаас л эхэлдэг. Энэ цамаан үрэлгэн зангаасаа салмаар байна монголчууд минь.  Он гараад л улсаараа дампуурах дээрээ тулаад байгааг хүн бүр л мэдэж бгаа. УИХ дарга, ерөнхийлөгч нь гадаадаас хэдэн тэрбумаар нь зээл гуйж явна. Оросуудаас 1,5 тэрбум долларын зээл гүйгаад бүтсэнгүй...

Хэлбэрдэлтээс, худал хуурмагаас юу ч үлдсэнгүй! Бодит үнэн ойртож байна! Бид өөрөө өөрсдийгөө хооронд нь харьцуулж нэгийгээ шагнаж хуурч биш гадны өндөр хөгжилтэй улс гүрэнтэй харьцуулж сэтгэж баймаар санагдах” хэмээн бичжээ.
 

Оллоо.мн