Зах зээл дээрх борлуулалтын мэдээллийг иргэд буюу худалдан авагчаар дамжуулан бүртгэснээр татварын ногдлыг бүрэн зөв тодорхойлж, далд эдийн засгийг бууруулах боломжтой гэж үзэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд томоохон шинэчлэлийг энэ оны эхэнд хийсэн юм. Зарим иргэн, аж ахуй нэгжүүдийн арилжааны банкинд байршиж буй дансны мэдээлэл зөрснөөс сугалааны тохирлоо авч чадаагүй.

Иргэд www.ebarimt.mn цахим хуудас дахь мэдээллийнхээ үнэн зөв байдлыг дахин нягтлахыг ч зөвлөе.

Учир нь зарим иргэн, аж ахуй нэгжүүдийн арилжааны банкинд байршиж буй дансны мэдээлэл зөрснөөс сугалааны тохирлоо авч чадаагүй тохиолдол олон гарчээ. Иймд татварын ерөнхий газар иргэдийн дансны мэдээллийг арилжааны банкуудтай хамтран шалгаж байна. Иргэдийн мэдээлэл зөв бол Төрийн сангаас сугалааны тохирлын мөнгө, татварын буцаан олголтыг хугацаанд нь олгох аж.

Өнөөдрийн байдлаар нийт 895, 873 иргэн 32 гаруй тэрбум төгрөгийн татвар буцаан авахаар бүртгэлийн системд бүртгүүлжээ. 2017 оны улсын төсөвт буцаан олголт, сугалааны тохиролд нийт 80 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн юм.

Ebarimt системд бүртгэлтэй нийт хэрэглэгчийн тоо 895, 873. Үүнээс 20 хүртэл хувийн буцаан олголтыг авах эрх үүссэн 618 862 хүн байна.

НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаан авалт авахад тавигдах шаардлагууд

•Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний баримтаа НӨАТ суутган төлөгчөөс авсан байх.

•НӨАТ суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байх

•НӨАТ суутган төлөгчөөс авсан  төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх.

•Худалдан авагч  нэгдсэн системд бүртгэгдсэн байх.

•Тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын 5 өдрийн дотор бүртгүүлсэн байх”

Буцаан олголтыг олгох дараалал

•Хувь хүн 2016.12.31-ны 23:59 минут хүртэл хугацаанд хэвлэгдсэн баримтаа 2017 оны  1-р сарын 6-ны дотор бүртгүүлэх шаардлагатай / ажлын 5 хоног /

•ГТМТТ УТҮГ нь 2017.01.15-ны дотор буцаан авалтыг мэдээллийг хувь хүн бүрээр гаргаж ТЕГ-ын орлогын газарт илгээнэ. / ажлын 5 хоног /

•ТЕГ нь мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яамны орлогын газарт хүргүүлнэ. / ажлын 9 хоног/

•Төрийн сан  ажлын 45 хоногт багтаан хувь хүний бүртгүүлж баталгаажуулсан данс руу  буцаан олголтыг шилжүүлнэ.

Ebarimt.mn-ны  / цахим сайт, гар утасны аппликэйшн/  хэрэглэгчийн профайлд  2016, 2017 гэсэн цонхнууд үүснэ.

2016 цонхонд хэрэгдэгчийн 2016 оны цуглуулсан НӨАТ-ын дүн бусад мэдээллүүд харагдана. Уг цонхны НӨАТ-ын урамшуулал хэсгээс буцаан авалтыг шилжсэн эсэх дэлгэрэнгүй мэдээллийг харах бүрэн боломжтой болно.

2017 цонхонд 2017.01.01 өдрөөс эхлэн хэвлэгдсэн баримтууд бүртгэгдэж эхэлнэ гэж Сангийн яамнаас мэдээлэв.