БНХАУ-ын иргэн согтууран танхайрсаны улмаас монгол иргэдийн биед халдаж, дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн хэрэг гарчээ. Уг хэрэг арванхоёрдугаар сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд гарсан байна. Хэргийг 46 настай Ө гэгч хятад эр үйлджээ.

Тэрээр шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаад маргалдсаны улмаас Х хэмээх эзэгтэйн толгойн баруун хэсэг, 13 настай хүү Б-ийн зүүн гарыг, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт 2-3 удаа заазуурдаж, хүнд гэмтэл учруулжээ. Хэргийн улмаас дөрвөн настай хүү газар дээрээ амьсгал хураасан байна.

Сэжигтэн Ө тус хороонд түр оршин суух эрхтэй байжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн алба хаагчид хэргийн дуудлагын дагуу шуурхай ажиллаж, сэжигтэн этгээдийг саатуулсан.Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.