Яг хэдний өдөр Монголчууд бид шинэлэж, цагаан сарын баяраа тэмдэглэж, ахмадуудтайгаа золгох талаар тодорхой мэдээлэл алга л байна. Зурхайч бүр амандаа орсон тоогоо хэлж, Монголчуудыг хэд хэдэн шинэлэх өдөртэй болгочихоод байгаа. Тухайлбал, зурхайч Л.Тэрбиш хоёрдугаар сарын 28-ны өдөр шинэлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл зурхайч М.Намсрай хоёр сард бус харин нэгдүгээр сарын 28-ны өдөр шинэлэх нь зөв юм аа гэж тайлбарлажээ.

 

Монголчууд ихэнх дээ Л.Тэрбишийн зурхайгаар зам мөрөө гаргаж, шинэлсээр ирсэн. Тэгвэл М.Намсрай зурхайчийн тайлбарт анхаарлаа хандуулаад үзье. Тэрээр "Монголчууд бид цагаан сараа 1807-2016 оны хооронд 209 удаа тэмдэглэхдээ 134 удаа буруу, 75 удаа зөв өдөр шинэллээ. Түвдийн зурхайгаар цагаан сараа тэмдэглэвэл 2016-2046 хооронд дахиад 23 удаа буруу шинэлэхээр байна. Шинэлэх ёсоо буруу өдөр товлосноос болж тухайн зөрүүтэй өдрүүдэд мэндэлсэн хүүхдүүд амьдралынхаа туршид буруу жилтэй, буруу төөрөгтэй амьдарна. Төгс буянт зурхайнхан энэ жилийн цагаан сарын сарын хоёрдугаар сарын 28-нд эхэлнэ гэж үзэж байгаа нь буруу. Монголчууд цагаан сараа нэгдүгээр сарын 28-нд тэмдэглэх нь зүйтэй" хэмээн тайлбарласан байна.

Мөн "Хубилай хааны "Цагийг мэдээлэх зурхай" буюу Монгол шар зурхай бол байгаль хүн хоёрын дээд зохицлыг маш сайн тооцсон, Монгол төрийн сонгодог зурхай. Гол нь байгаль дэлхийн аяг, араншинг үндэслэж, цагаан сар нэгдүгээр сарын 28-нд эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь нэгдүгээр сарын 20-оос цаг агаар уярчихна” гэжээ.

Зарим жил бууз хөлдөхгүй, дов толгод харлачихсан байх үед шинэлж байсан тохиолдлууд бий. М.Намсрай гуайн тайлбараар бол энэ жил бууз хөлдөхгүй дулаарсан үед л шинэлэх гээд байгаа бололтой юм. Хятад, Солонгос зэрэг улсууд Монголтой адил цагаан сарын баярыг тэмдэглэдэг. Тэдгээр улсууд нэгдүгээр сарын 28-нд цагаан сарын баяраа тэмдэглэнэ. Харин Монгол Улс сарын дараа буюу хоёрдугаар сарын 28-нд тэмдэглэхээр байна. Энэ эргэлзээг хэн тайлж, хэзээ шинэлэх нь зөв бэ гэдэгт хэн албан ёсны тайлбар өгөх вэ. Түрүү жил хоёрдугаар сарын 19-нд шинэлэж байж. Билгийн тооллоор нэгдүгээр сард шинэлэх нь зөв ч юм шиг. Гэвч яг баталгаатай тайлбар, мэдээллийг зурхайчид маань өгөхгүй байгаа нь харамсалтай.

 

Үндэстэн агентлаг