Өчигдөр мэдээллийн сайтуудаар хятад иргэн Монгол Улсын гурван иргэнийг заазуурдаж, дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн гэмт хэрэг үйлдэгдсэн талаар олон мэдээлэл гарсан билээ. 

Тэгвэл энэ хэргийг 46 настай Ө гэгч нь БНХАУ-ын харъяалалтай Өвөрмонгол хүн үйлдсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. 
Тэд 31-ний орой шинэ жилийн баяр тэмдэглэж байгаад маргалдаж улмаар эмэгтэй Х-ийн толгойн баруун хэсэг, 13 настай хүү Б-ийн зүүн гарыг, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт 2-3 удаа заазуурдаж, хүнд гэмтэл учруулсан бөгөөд хэргийн улмаас дөрвөн настай хүү газар дээрээ амьсгал хураасан байна.

Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух эрхтэй сэжигтэн Ө хэргийг үйлдэх үедээ согтуу байсан гэнэ.

Түүнийг одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа бөгөөд Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амь насанд хүрсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг заалтад 20-25 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.