Хятад улсын иргэнд заазуурдуулсан 4 настай хүүгийн гэрт очиж уулзлаа.

        Хятад улсын иргэнд заазуурдуулсан 4 настай хүүгийн гэрт очиж уулзлаа. Нас барагсдыг өчигдөр сүүлчийн замд нь үджээ. 

Барагсад гэж хэлж байгаагийн учир нь хэрэг гардаг тухайн өдөр хөөрхий бүсгүй ч бас заазуурдуулж амь насаа алджээ. 4 настай хүү бол нас барсан бүсгүйн хүү биш бөгөөд дүүгийнх нь хүү байжээ. 

Ингэж 2 айлын амьдралд нөхөгдөшгүй гарз хохирол учирсан байна. 13 настай заазуурдуулсан хүүгийн бие сайжирч байгаа гэнэ. Олон мэдээлэл бидний авч буйгаас зөрүүтэй байгааг анзаарсан.

Тус гэр бүлүүд надаар дамжуулан хэвлэл мэдээллийнхэн, цахим ертөнцийнхөнд "Гуйлт" хүргэлээ. "Бяцхан хүүгийн минь сүнс холдож амжаагүй байна, 49 хоног ч гүйцээгүй байна, хоёр хүний алтан амийг алдаад байна, иймийн учир өөрсдийн мэдэхгүй зүйлсээ битгий хов жив болгон шуугиач ээ. 

Бид ямар ч хэвлэл мэдээллийнхэнд яриа өгөөгүй, цагдаа нарт ч тийм эрх байхгүй. Тийм байтал өөрсдийн мэдэхгүй зүйлсээ зохиож бичин, талийгачийн нэр хүндэд бүдүүлгээр халдан, Монгол хүний бус зан гаргаж, нас барагсдын сүнсийг өндийлгөх нь хэцүү байна. 

Шүүх цагдаа хуулийн дагуу ажлаа хийж гэмт хэрэгтэнд ялыг нь үүрүүлж байгаа. Тиймийн учир одоо энэ хэргийн талаар зурагт сайтаар шуугихаа зогсоон үлдэж хоцорсон хүмүүсийн сэтгэлийн шаналлыг бүү нэмээч" гэлээ.

Ч.Ганжавхлан