Энэ сарын 19-ний өдрөөр дуусгавар болох сурагчдын өвлийн амралтыг ханиад томуу их байгаатай холбогдуулан үргэлжлүүлэн сунгах тухай яригдаж байгаа билээ.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн захирагч болон БСШУС-ын сайд нарт нийслэлийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргаад байгаа юм. Үүний дагуу Хотын даргын орлогч Ш.Анхмаа өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайдтай уулзсан. Уулзалтын үеэр нийслэлийн ЕБС-иудын сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлыг өвлийн амралт дуусахаас урьтаж буюу өнөөдөр эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа ч өнгөрсөн долоо хоногийн байдлаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тиймээс энэ долоо хоногт томуу, томуу төст өвчний өвчлөл буурсан тохиолдолд сурагчдын амралтыг сунгахгүй байхаар тогтжээ. Харин ханиад, томууны өвчлөл буурахгүй бол сурагчдын амралтыг сунгах аж.