Өнөөдөр таван  иргэн архины хордлогын улмаас нас барсан байна. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газраас  албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал архинд хордсон эхний дуудлага 12 цагийн орчим ирсэн бөгөөд  21  цагийн байдлаар нийт таван хүн хордсон, нас барсан мэдээлэл байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд: Баянгол дүүргийн  2-р хороонд 12 цагаас хойш нас барсан гэх таван  дуудлага ирсэн. Урьдчилсан байдлаар эдгээр хүмүүс бөөндөө нэг зүйлээс хордсон байж болзошгүй. Нотлох баримтаар хураасан эд зүйлийг хортой үгүйг шинжлүүлэхээр ажиллаж байна. Мөн нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Өглөө гэхэд юуны улмаас нас барсан нь эцсийн байдлаар тогтоогдоно. Мэргэжлийн байгууллага архи, согтууруулах ундаанаас болж нас барсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргаад байгаа.  Иймээс иргэд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гартал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг хүсч байна.

Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: Үүсэн нөхцөл байдалтай холбоотойгоор НМХГ-аас  247 улсын байцаагч ажиллаж байна.  Архи согтууруулах ундаа худалддаг, үйлчилдэг 761 газрыг хяналт шалгалтад оруулаад явж байна. 3361 сэжиг бүхий архийг битүүмжилсэн. Мөн 52 дээжийг итгэмжилсэн лабораторид хүргүүлээд байгаа. Маргааш хариу гарна.  Тиймээс иргэд хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар: та бүхний орчимд архи согтууруулах ундаа хэрэглээд хордсон хүн байвал 103 дугаарт залгаж үйлчилгээ аваарай.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар нас барсан иргэд орцны жижүүр байжээ. тэд "Мөнхжин-Од" ХХК-ийн үйлдвэрлэдэг "Найрсаг" гэх архинд хордсон байж болзошгүй байна. 

Бид маргааш энэ талаар эх сурвалжуудаас тодруулан эргэж мэдээлэх болно.