АН-ынхан  Монголын ард түмнийг хаширтал төр барьсан.  Тиймээ д иргэд МАН-аас л бол бор халзан хонь байсан ч хамаагүй гээд сонгосон. Үр дүнд нь  энэ удаагийн парламентад МАН үнэмлэхүй ялалт байгуулсан.  Гэвч бор халзан хонь болсон  гишүүд ярих үг, биеээ авч яьах, хувцаслах зэрэгт үнэхээр  00 зааж байгаа нь илт.  Үүний эхний жишээг  эмэгтэй гишүүд баталж харуулсан.

2016.09.20-ны өдөр УИХ-ын эмэгтэй гишүүд Солонгос улсад ажилласан. Тэдний хувцаслалт шүүмжлэлд өртснийг та бүхэн санаж байгаа бизээ.

Энэ дуулиан намжаад удаагүй байтал УИХ-ын  гишүүн Н.Амарзая  2017.01.03-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр  бохь зажлаад түмэн завгүй өнгөрүүллээ.

Түүний энэ үйлдэл  олон нийтийн эгдүүцлийг ихээхэн хүргэсэн. Ямар сайндаа л эмэгтэй гишүүдийг хувцсаа тохируулан өмсөж чаддаггүй гэдэг бол одоо бүр хуралдаа төрийн хүн шиг сууж ч сураагүй хэмээх чичлүүлж байхав дээ.  

Төд удалгүй УИХ-ын  эмэгтэй гишүүн согтуу бололтой чуулганы танхимд орж ирсэн юм.  Тэр хүн бол УИХ-ын гишүүн Б.Ундармаа. 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны  дундуур орж ирэхдээ тэрбээр Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр үг хэлж байсан Н.Амарзаяа гишүүний  ар өврөөр тойрч камерт өртөөд, сая нэг суудлаа “олов”. Арайхийж  өөрийн суудалдаа “тухалсан” эрхэм гишүүн Б.Ундармаа УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг хэсэгтээ л мэл гайхаж, юу яриад байгааг нь ойлгож ядан суугаа дүр зураг дүрс бичлэгт үлджээ. Сандал ширээгээ андууртлаа уймарсан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эрүүл, согтууг ялгаж танихад бэрх юмсанж. Олон хүн түүнийг согтуу байна хэмээн дүгнэсэн.  

Дуулиан мартагдаагүй байхад  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  Байнгын хорооны хуралдаан дээр цай уугаад, юм идээд сууж байгаа харагдсан.  

Хуралдааны үеэр цай ууж бололгүй яахав. Гэхдээ та бүхнийг хуралдаан дээрээ битгий юм ид гэж төрийн ордонд буффет өнцөг бүрт нээж, цайны газар ажиллаж байгаа шүү дээ.  УИХ-ын чуулганы танхимын үүдэнд чинь хүртэл цай уух өрөө гаргаж өгснийг мартах учиргүй.  Тэгтэл  цайгаа уучихаад утсаар яриад гараад явах жишээтэй.  

 Дээрх бүх жишээ бол төрд түмнээ төлөөлж сонгогдсон гишүүдийн  хувьд ёс зүйн асуудал мөнөөсөө мөн. Тэр ч утгаараа олон нийт тэднээс төрөө хүндлэх ёс зүйг шаардах эрхтэй. Энэ асуудалдаа хэдэн сэтгүүлчээ чичилж, буруутай гэж харагдуулахыг хичээж явахаар өөрийн үйлдлээ хянавал дээр шүү дээ. Мөн бусдаас бурууг хайж хэдэн хүнийг ажлаас нь халуулахаар гүйж байгаа нь утгагүй.  

Тэрнийхээ оронд биеээ авч явах соёлд суралцаад, зөв хувцаслах анхан шатны мэдлэгээ ахиул гишүүд минь. Бор халзан хонь гээд ийм “назгай” байж болохгүй шүү дээ...