Галын аюулаас дөрвөн хүний халуун амийг аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярын баатарлаг үйлсийг өндөөр үнэлж хугацааны өмнө цагдаагийн цол болон салбарын яам, нийслэлийн ЗДТГ-ын шагналаар шагналаа.

ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр, дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж нар цагдаагийн дэслэгч Г.Ганбаярыг хүлээн авч уулзан баяр хүргэж, цагдаагийн ахлах дэслэгч цол олгож, сарын үндсэн цалингаар шагнаж урамшуулсан юм. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр “Иргэний болон цагдаагийн алба хаагчийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, баатарлаг үйлс бүтээсэн цагдаагийн дэслэгч Г.Ганбаяртаа хувийн зүгээс болоод зөвлөлийн гишүүд, нийт цагдаагийн бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.

 

Мөн өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Цагдаагийн алдар”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн "Тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийг Г.Ганбаярт гардуулж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаяр 2017 оны нэгдүгээр сарын 24-ний өглөө 08.00 цагийн үед ажилдаа явах замдаа нэгэн бүлийн дөрвөн хүнийг гал түймрийн аюулаас аварч хамгаалсан билээ.