Хямралаас гарах үнэн зүйл бол үйлдвэрлэх, зөв зүйл бол хөдөлмөрлөх уриатай “Үнэн ба Зөв” аяныг “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагаас зарлажээ. Энэхүү аяныг улс орон даяар явуулах аж. Тус аян нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Түүнчлэн хөнгөн үйлдвэрийн салбарынхан нэгдэж үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж буйгаа “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Майцэцэг хэллээ. Тэрээр “Эдийн засаг хямарсан гэж хүн бүр халаглаж байгаа ч хэн ч юу ч хийхгүй байна шүү дээ. Ер нь аливаа улс орны эдийн засгийг хувийн хэвшил, нэн ялангуяа үйлдвэрлэл эрхлэгчид нуруундаа үүрдэг. Тиймээс үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд 21 аймагт хөнгөн үйлдвэрийн суурийг тавихыг зорьж энэ удаагийн аяныг зохион байгуулж байна” гэв. “Үнэн ба Зөв” аяныг Дархан-Уул аймгаас эхлүүлж байгаа юм байна. Тус аймгийн үйлдвэрлэгчид болон МСҮТ-ийн багш сурагчидтэй энэ сарын 27-ны өдөр уулзаж санал бодлоо солилцжээ. Харин аяны үр дүнг бодитой болгохын тулд аймаг бүрт оёдлын үйлдвэр байгуулахаар шийдсэн байна. Тиймээс тун удахгүй Дархан-Уул аймагт оёдлын үйлдвэр нээгдэх бөгөөд боловсон хүчнээр МСҮТ-ийг оёдлын мэргэжлээр сурч төгссөн залуу боловсон хүчнээр бүрдүүлэх юм. Түүнчлэн каластераар үйлдвэрлэл явуулдаг жишиг үйлдвэр болгохын тулд Дархан хотод хөнгөн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн болон аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлсэн. Энэхүү саналыг нааштайгаар хүлээн авч аяны хүрээнд тус аймагт оёдлын үйлдвэртэй болж ажлын байр нэмэгдэх нь сайн мэдээ болж байгааг хуралд оролцогчид онцоллоо.

Мөн тус аяны хүрээнд аймгуудад ажлын багынхны очсон өдөр шинээр мэндэлсэн хүүхэд бүрт “Exclusive” компанийн энэ жилийн шинэ брэнд нярайн багц бүтээгдэхүүнийг бэлэглэж буй ажээ.