Mongolia Live багийнхан Утааны эсрэг жагсаалд нэгдэн монгол болон өвөр монгол залуус #BreatheMongolia / #БоожҮхлээ жагсаалыг Нью Йорк хотод зохион байгууллаа.
Нью Йорк хотын гудамжаас Times Square руу алхаж байхад олон орны хүмүүс  тэдний зургийг авч, асуулт асуун Монголд болж буй агаарын боxирдлын талаар мэдээлэл авчээ. Хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд Монголд амьсгалын замын өвчнөөр эндэж буй бяцхан хүүхдүүдийн талаар уншаад гадаад орны иргэд ч бидний нэгэн адилаар зүрх шимширч байлаа. Дани улсын цаг агаарын өөрчлөлт, дулааралтай тэмцэж буй хоёр залуухан охин мөн бидний энэ байдалд ихээр санаа зовон Монголын талаар эх орондоо очоод мэдээлэл тараана гэдгээ хэлж байв.

Үүнээс гадна Олон улсын хүний эрхийн сэтгүүлч залуу заавал өөртэй нь холбогдоорой гэж хэлээд хүүхдээ түрээд яаран явсан аж.

Энэ жагсаалын зургийг National Geographic-н зурагчин авч өгсөн бөгөөд тэрбээр тус багийнханаас ганц имэйл бичихэд л цаг заваа гарган хагас өдөр тэднийг өвлийн хүйтэнд даган үнэгүй зураг дарж өгчээ.

 

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД БИД АМЬДРАЛАА ДӨНГӨЖ ЭХЭЛЖ ХӨЛӨӨ ОЛЖ БАЙХДАА ТӨРҮҮЛСЭН БЯЦХАН ҮРС, ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ААВ ЭЭЖИЙГЭЭ УТААНААС БОЛЖ АЛДМААРГҮЙ БАЙНА. ТӨРСӨН ЭХ ОРОНДОО УРТ УДААН ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРМААР БАЙНА, АМЬСГАЛМААР БАЙНА!"