Өчигдөрөөс эхлэн манай улс төрчид болоод зарим нэг эрхэмүүд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан эдийн засгийн хямралаас гарахад дэмжлэг үзүүлэхээр “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгад мөнгөн хандив өгөөд эхэлсэн билээ.

Монгол Улсын Засгийн газар ирэх гуравдугаар сарын 21-ны дотор Евро бондын 580 сая ам.долларын өр төлөх ёстой. Уг бондыг таван жилийн хугацаатай авсан бөгөөд эргэн төлөх хугацаа нь ийн болоод байгаа юм.

“Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлагч, гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуай гаргасан юм. Улсдаа 50 гаруй жил хөдөлмөрлөсөн Б.Осоргарав дээрх уриалгыг санаачлаад зогсохгүй, хандивын аяныг өөрөө эхлүүлж, ээжийнхээ ачийг бодож 10 сая төгрөг, аавынхаа сургаалийг эрхэмлэж 10 адуу,  эх орныхоо эрдэнэс баялгийн дээжийг бэлгэдэж алтан бөгжөө хандивласан. 

 Тэгвэл энэхүү өрийг төлөх хандивын аянд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэгдсэнээ мэдэгдэж, 100 сая төгрөг улсад хандивласан. Үүнээс гадна хандивыг дэмжиж "МОННИС" групп 100 сая төгрөг, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 30 мянган ам.доллар хандивлахаа мөн мэдэгдээд байгаа.

Гавьяат эдийн засагч Б.Осоргаравын тооцоолсноор, манай улсын найман настнаас эхлээд иргэн бүр 1000-2894 төгрөг хандивлахад 214,692,889,000 төгрөг цуглах юм байна. Мөн 2012 оноос хойшхи  улс төрийн албан тушаалтан болох УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, бүх шатны Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар  20,000,000-100,000,000 сая төгрөг,  үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй аж ахуйн нэгж, 10 мянга гаруй ТББ тус бүрдээ 2-2.5  сая төгрөг хандивлахад өр төлөлт болон эдийн засгийн хямралыг хүндрэлгүй давах бололцоотой юм байна.

Ямартаа ч жирийн иргэн энэ санаачлагыг эхлүүллээ. Нэг үгээр бол эрх баригчдын буруу үйл ажиллагааны улмаас улс маань өр ширэнд орж одоогийн нөхцөл байдал бий болсон гэдэг нь үнэн. Гэхдээ энэ байдлыг удаан үргэлжлүүлэхийг хүсэх хүн тэр бүр л байхгүй болов уу. 

Дайн байлдааны үед бидний өвөг дээдэс ч фронтын шугамд тусламжийн гараа сунгаж байсан энэрэнгүй ард түмэн. Энэ удаад хэрэв зөв гарц шийдэлтэй бол үүнийг дэмжээд эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд чадлынхаа хэрээр туслах нь зөв байх. 

1997-1998 оны үед Азийн орнуудыг хамарсан санхүүгийн хямралын үеэр Өмнөд Солонгос улс энэхүү байдлаас хэрхэн даван гарсан түүх олон орны бахархалыг төрүүлж түүхэнд үлдсэн яриа болсон гэж хэлж болно. Үүн шиг бидний энэ удаагийн уриалга ч энэ мэтээр түүхэнд үлдэх сайхан зүйл болвол хэн хүнгүй л баярлахаас гадна ирээдүй хойчийг минь сайхан амьдрал угтах билээ. 

Солонгосын түүхийг товч дурдвал,  тухайн цаг үед Өмнөд Солонгост Нэг ам доллар 2000 вон болж өссөн байв.

Гэсэн хэдий ч, үндэсний үйлдвэрлэл өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэхийг хориглож, чанга хатуу хяналт тавьж байв. Ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжив.

Энэ үед Солонгос Улсын Ерөнхийлөгч Ким Де Жун ард түмэндээ хандаж, хожим алдаршсан нэгэн үгээ хэлсэн байдаг.

Тэрээр “Нэгэн гэр бүлийн гишүүд мэт хоолоо хуваан идэж, ядарсандаа туслах сэтгэл өвөрлөж, бүсээ чангалан нэг удаа эх орныхоо төлөө тархи оюун өөртөө байгаа их хүчээ зориулахыг хүсч байна. Бүгд нэг хүн мэт нэгдэцгээе” хэмээжээ.

Үүний дараа хүмүүс өглөө эртлэн дугаарлан зогсож банкинд алтаа тушааж эхэлсэн гэдэг. Гэхдээ тус улс эдийн засгийн хүнд үед тусламжаа харамгүй үзүүлсэн иргэдээ мартаагүй. 

Эдийн засаг тогтворжиж эхэлсний дараагаар хандивлагсдын нэрс дээр хүү бодогдсон алтны үнэ буцаж ирсэн гэдэг. Солонгосчуудын 10 тэрбум доллар босгож, хямралыг гэтэлсэн түүх энэ.

Харин одоо бид энэ туршлагыг хэрэгжүүлвэл тун өөдрөг ирээдүй харагдаж байна. Энэ бүхний эцэст нэгл зүйлийг дахин онцолмоор байна. 

Одоо энэ хүнд хэцүү цаг үед манай улсын томоохон бизнес аж ахуй эрхлэгчид болоод улс төрчид манлайлан үүнд идэвхтэй оролцоосой. 

Тэрбумаас дээш орлоготой УИХ-ын гишүүд:

•    Ж.Ганбаатар 10 тэрбум 304 сая 620 мянга,
•    Ц.Гарамжав 3 тэрбум 994 сая 658 мянга,
•    Б.Дэлгэрсайхан 4 тэрбум 736 сая 885 мянга,
•    Б.Ундармаа нэг тэрбум,
•    С.Бямбацогт 4 тэрбум,
•    Б.Чойжилсүрэн 1 тэрбум 382 сая 308 мянга,
•    Ж.Энхбаяр 4 тэрбум 253 сая 773 мянга
•    Н.Цэрэнбат 2,5 тэрбум төгрөгийн жилийн орлоготой улс төрчид  болон манай улсын Үндэсний томоохон байгууллагууд  болох : 

* MCS групп

* АПУ ХХК

* Мобиком

* Юнител

*Скайтел

* Наран групп

*  МАК /Монголын Алт компани/

* ЖЕМ интернашиональ

* ГАЦУУРТ ХХК

* Бодь групп зэрэг дурдаад байвал олон байгууллагууд та бүхэн үүнд манлайлан улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаарай. 

 Үүнээс гадна Офшортонгууд, жишээлбэл С.Баярцогт Швециарын дансанд байгаа сая долларынхаа 10-хан хувийг хандивлачихдаггүй юм болов уу, тэгвэл 100 мянган доллар буюу өнөөх төлөх ёстой 500 гаруй мянгын чинь бараг тавны нэгийг дарчих юм байна шүү дээ. 

Улс төрчид бизнес эрхлэгчдээс гадна улсын мөнгө шамшигдуулсан эрх мэдэлтнүүд одоо л улс орондоо тусламжийн гараа сунгах хэрэгтэй учир мөн зарим нэг хүнийг дурдвал, Гадааадын казинод аваачиж хэдэн зуун мянган доллараар нь алддаг хүмүүс, жишээ нь эрхэм Бадамжунай тэргүүтэй казиночид бас мөнгө хандивлаасайгэж хүсэх байна. 

Бас төсвөөс тендер нэрээр хөлжсөн хүмүүс ядахдаа нэг удаа улс орноо эргээд хараасай. Үүнд багтах эрхэм гэвэл тэр бондын мөнгийг үр ашигггүй цацсан Фортуна Батбаяр, Алтанхуяг тэргүүтнүүд, Хөгжлийн банкныхан ч хөдлөөсэй, бондоос их хэмжээгээр зээл авсан хүмүүс одоо багахан хэсгээ л өгчихвөл тун хэрэгтэй үе чинь шүү гэж санал болгомоор байна. 
Аварга, арслан, заанууд ч гэсэн энэ ажилд хувь нэмрээ үзүүлээрэй. Халбагар дээлтэй, ханагар жийптэй хандив аваад явдаг сайхан бөхчүүд олон л байгаа даа уг нь. 
 
Дараагийн уриалгад дуудах хэсэг бүлэг бол эгэл жирийн иргэдийн төлөөлөл буюу тэр дундаа Орифлэйм, G-time, Баяндалай, Easy 1up, 1-9-90, Ерхөг гэх мэт бидний хэлдэгээр сүлжээний бизнесчид. Хууль бусаар гэж хэлж болохоор үйл ажиллагаа явуулдаг эдгээр хүмүүс ямар ч баялаг бүтээхгүйгээр асар их ашиг олдог сүлжээнүүдийн эрхэмүүдээ, оролцогч хандивлагч нар аа зүгээр сууж их мөнгөтэй болох гэж мөрөөдөн тарааж буй наа мөнгөнийхөн багахан ч гэсэн хувийг эх орныхоо хөгжилд нэмэр болгоорой гэж уриалах байна. 
 
 
Эцэст нь дахин хэлэхэд уриалгыг дэмжин цуглуулсан хандив шилэн данс байна гэж байсан ч энэ нь шилнээс шилэн байх буюу энэ бүх ажлыг нарийн тооцоо хяналт дор төсөв бүрдүүлэн, хатуу хяналттайгаар төсвийг захиран зарцуулж улс орноо эдийн засгийн хямралаас гаргаарай гэж хүсэх байна. 

 

Энэхүү уриалга бүтсэн ч бай бүтээгүй ч хамгийн чухал нь Пүрэвбаатар гуайн хэлсэнчлэн "...ард түмний эв нэгдэл нь хүмүүсийн хариуцлагыг дээшлүүлэхэд бага ч атугай нэмэр юмсан:::" гэж хэлсэн үгийг хүн бүр толгойдоо суулгаасай гэж хүсч байна.

Ард түмний эв нэгдэл нь өрнөөс гарахаас дутахгүй тун чухал үр дүн юм. Хүмүүс эх оронтой гэдгээ, түүнийхээ төлөө бас хариуцлага хүлээх учиртай гэдгээ мэдрэх хэрэгтэй гэдгийг энэ үгнээс илхэн ойлгох болов уу. 

С.Отгон