Засгийн газрын хуралдаанаар “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 82 дугаар тогтоол”-ыг хүчингүй болголоо. Уг тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн тухайн жилийн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн  бямба гаригийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм.

Цагийн тооллыг ингэж урагшлуулж, хойшлуулах нь  ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөлөхөөс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг тул уг тогтоолыг хүчингүй болгуулахаар эрүүл мэндийн болон бусад байгууллагаас санал ирүүлдэг юм.