УИХ-ын гишүүн Д.Гантулга, “Увертюра” хамтлаг, Монголын морин спорт залуу уяачдын  холбоо хамтран  “Залуу малчдаа дэмжье” аяныг зохион байгуулж байгаа.  Аяны хүрээнд 21 аймагт “Увертюра” хамтлаг “Монгол минь” цомгийн баяраа хийж, тоглолтоос олсон орлогоороо 50 төлөг авч  залуу малчинд гардуулан өгч байгаа.  

Аян Хэнтий аймгаас эхэлсэн бөгөөд Хэнтий аймгийн Мөрөн сумын 5-р багийн залуу малчин  А.Нямдаваад 50 эм төлөг гардуулан өгсөн юм.

Малчин А.Нямдаваа: Багаасаа мал маллаж байгаа. 50 эм төлөг авсандаа сэтгэл өөдрөг баяртай байна. Би гол төлөв адуу голдуу малтай.  Одоо ингээд хоньтой боллоо. Сайхан өсгөж үржүүлнэ.

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Ганбаатар: Залуу малчдаа дэмжсэн, амьдрал ахуйг нь өөд татах ач холбогдолтой үйл явдал боллоо.  Монголчууд халуун хошуутай хонь бэлэглэж сэтгэлээ илэрхийлдэг. Энэ бол эргэн төлөгдөх нөхцөлгүй залуу малчдаа дэмжиж байгаад аймгийн удирдлагуудын зүгээс талархалтай хандаж байна.

УИХ-ын гишүүн Д.Гантулга: “Залуу малчдаа дэмжих аян”-ы хүрээнд нилээдгүй арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Хэнтий аймгийн залуучууд ярилцаж байгаад өөрсдийнхөө дундаас малд нүдтэй А.Нямдаваа гэж залууг бүгдээрээ дэмжиж тоглолтын орлого, хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудын хандиваар бид бүхэн эхний 50 төлгийг өглөө.  Мал сүргээ өсгөж, малч ухаанаа үеийн залуустайгаа хуваалцаж, хөдөө газартаа эзэн нь байх Монгол малчин их байгаасай гэж хүсч байгаа.

 Залуу малчдаа дэмжих аян Дорнод аймагт өчигдөр үргэлжилсэн.  Улмаар залуу малчин н.Гантулгад 50 эм төлөг гардуулан өгсөн.  Өнөөдөр Дорноговь аймгийн залуу малчинд мөн 50 төлөг гардуулах юм.