Ерөнхий сайд асан Н.Алианхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг өчигдөр орой суллагдлаа. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбумыг шамшигдуулсан хэргээр хоёр шатны шүүхээс 4.6 жилийн ял сонссон Л.Гансүхэд Улсын Дээд шүүх 3.6 жилийн ял оноосон.

Түүний хувьд магадлангаар суллагдах хугацаа болсон байсан бөгөөд  магадлангаар суллагдах хүсэлтээ гурван удаа прокурорын байгууллагад гаргасан ч шүүхээр хэлэлцээгүй. Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат “Эхний удаад Төв аймгийн прокурорын газарт хандсан. Хорих анги өөрөө материал бүрдүүлж ирүүлэх ёстой. Тэр материал дутуу байна гээд прокурор буцаасан гэж би ойлгосон. Хоёр дахь удаад Улсын ерөнхий прокурорын газарт хандсан. Ерөнхий прокурорын газар аймгийн прокурорын газрын шийдэх асуудлыг өмнүүр нь орж шийдэж болохгүй.Ийм учраас аймгийн прокурорын байгууллага шийдэх ёстой гээд аймагт нь шилжүүлсэн. Ялтан Л.Гансүхийн ил захидал хэвлэл дээр тавигдсан байна лээ. Ил захидал нийтлэгдсэнтэй холбоотойгоор ял эдэлж байгаа байдалтай газар дээр нь танилцах чиглэлийг Улсын ерөнхий прокуророос Төв аймгийн прокурорын газарт өгсөн. Төв аймгийн прокурорын газраас тухайн хүний зан байдлаараа засарч хүмүүжсэн байдал, ял эдэлсэн байдалтай газар дээр нь очиж танилцсан. Энэ үед үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, хүсэлт гаргасан талаар бидэнд эргээд мэдэгдсэн. Ингээд гурав дахь удаагаа хандсаных нь дагуу прокурор хянаж үзээд шүүхэд шилжүүллээ.”  гэсэн байна. Түүнийг магадлангаар суллагдах боломжтой гэж үзсэн аж. Энэ талаар хэлэхдээ  “-Шаардлага хангаж байна гэж танилцуулсан. Нөгөөтэйгүүр, Төв аймгийн прокурорын газраас танилцах үеэр Л.Гансүх өөрөө бичгээр дахин хүсэлтээ гаргаж өгсөн байна лээ. “Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж. Ингээд өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр прокурор дүгнэлт бичиж материалыг Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Одоо шүүх хурлаараа хэлэлцээд хорих ялаас үлдсэн хугацааг нь тэнсэн суллах эсэхийг нь шийднэ.” Гэв.

Тэгвэл өчигдөр орой  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг дүгнэлтийг хэлэлцээд Л.Гансүхийг магадлангаар сулласан байна.