Өнгөрөгч нэгдүгээр сарын байдлаар шинэ орон сууцны үнийн индекс 12,71 хувьтай гарсан нь өмнөх сараас 2.43 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4,65 хувиар буурсан хэвээр байгааг Тэнхлэг зууч компаниас мэдээллээ.
 
"Тэнхлэг зууч" компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаагаар өнгөрсөн нэгдүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс -1,93 хувьтай гарч, суурь үеэс буурсан байна. Энэ нь өмнөх сараас 2.83 хувиар буурсан үр дүн юм. Ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулбал 7,18  хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтээр хуучин орон сууцны үнийн индекс -8,02 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0,31 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6,31 хувиар буурсан үзүүлэлт юм.
 
Тодруулбал хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь нэгдүгээр сарын байдлаар 72 сая 764 000 төгрөг болж өмнөх сараас 1.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувиар тус тус буурсан байна. Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
 
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь нэгдүгээр сарын байдлаар 2 сая 47 мянган төгрөг болж өмнөх сараас 0.15 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үеэс 0.01 хувиар өсчээ. 
 
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байгаа аж. Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их гэдгийг судалгаанд оролцогсод онцолжээ.
Энэ удаагийн судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 4 987 орон сууцны үнийг хамруулсан байна.
Дашрамд дурдахад Монголбанкны захиалгаар "Тэнхлэг зууч" ХХК  орон сууцны үнийн индексийг 2014 оны 3 сараас хойш олон нийтэд зарлаж буй юм.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг