Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Цасан шуурганы үер, хараа хязгаарлагдах, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг урьдчилан сэрэмжлүүлж байна.

Мөн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй ч гэсэн өнөө шөнө нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, өдөр нийт нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өмнөх өдрүүдээс 5-10 градусаар дулаарч, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -20 ...-25 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5...8 градус дулаан буюу Баянхонгор аймгийн Эхийнгол, Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд орчмоор 6...8 градус хүрч дулаарсан байв. Энэ хугацаанд Улаанбаатар хотод шөнөдөө 15-17 градус хүйтэн хонож байсан бол энэ сарын 16-наас 17, 17-ноос 18-нд шилжих шөнө харьцангуй хүйтэрч, -23...-26 градус хүйтэн хонох ажээ.