Манай иргэд сүүлийн жилүүдэд хил залгаа улсууд руу аялах нь нэмэгдсэн билээ. Тэгвэл өчигдөр БНХАУ-ын Манжуур хотыг зорин явсан манай таван иргэн авто осолд өртөн амиа алдсан хэрэг гарчээ.

Хятадын хилийн хот болох Алтан Эмээлээс Манжуур хот руу хятад жолоочтой таксигаар үйлчлүүлж явахдаа осолд өртөн амиа алдсан байна.

Тэд тус улсын хилийн боомт Алтан-Эмээлээс Манжуур хот руу явж байсан бөгөөд “Toyota Pruis-20” маркийн автомашиныг нь том оврын ачааны машин мөргөж, жолоо барьж явсан хятад иргэн, таван монгол зорчигч иргэн газар дээрээ амьсгал хураажээ.

Ослын газар дээр цагдаа нар очиход нүд хальтирмаар дүр зурагтай байсан талаар эх сурвалж мэдээлж байна. Мөн бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр талийгаачид Өвөрхангай аймгаас бизнес аяллын мартшрутаар Манжуур хотыг зорьж явсан аж. Улмаар Хятадын хилээр нэвтэрснийхээ дараа  Алтан-Эмээл боомтоос такси аваад зорьсон газартаа хүрэхээр явах замдаа ийнхүү осолдсон байна. Тэдний хоёр нь эхнэр нөхөр байсан бол хоёр нь багш мэргэжилтэй хүмүүс байсан гэнэ.

Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, “Осол 15.00 цагийн орчимд БНХАУ-ын Алтан-Эмээлээс Манжуур орох замд гарсан. Хайлаар дахь Консулын газраас дээрх мэдээллийг Гадаад харилцааны яаманд ирүүлсэн даруйд эдгээр иргэний ар гэртэй нь холбоо барьж, ар гэрийнхэнд нь зохих дэмжлэг үзүүлж байгаа. Хайлаар дахь Консулын газраас хятадын талын цагдаагийн байгууллагатай хамтран хэргийн газар дээр очин ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.