ПХЕНЬЯН./Yonhap/. Умард Солонгосын иргэн Малайзад амиа алдсантай холбогдуулан Пхеньян төрийн мэдлийн Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагаар /KCNA/  дамжуулан анх удаагаа мэдэгдэл хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд амиа алдсан эрэгтэй бол удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Нам биш гэж Умард Солонгос үзсэн хэвээр байна.

Энэ хүний үхлийн шалтгааныг тогтоохоор Малайзын холбогдох албаныхан дангаараа мөрдөн шалгалт явуулж байгаа нь Умард Солонгосын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг үл тоомсорлосон хэрэг гэж KCNA мэдээллээ.

KCNA-гийн мэдэгдэлд “Умард Солонгосын дипломат паспорттай нэгэн эрэгтэй хүн хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд байх үедээ гэнэт ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан гэж Малайзын тал анх мэдээлсэн” гэжээ.

Дипломат паспорт эзэмшигч хүнтэй холбоотой аливаа хэргийг манай улс өөрийн улс орондоо шалгадаг гэдгийг Куала-Лумпур дахь манай ЭСЯ тодорхой мэдэгдсэн гэж тус агентлаг мэдээллээ.

Пхеньяны үзэж байгаагаар, Малайзын цагдаа нарын явуулж байгаа мөрдөн шалгалт бодитой бус, шударга бус байгаа аж. Мөн энэ хэрэгт цагдаа нар Умард Солонгосын талыг сэжиглэж байгааг Пхеньян буруушаан няцаасан байна.

Г.Доржханд

montsame.mn