Гэр бүлийн хүчирхийллийн хууль мөрдөгдөөд эхэлсэн. Тэгвэл хууль батлагдахаас өмнө нэгэн бүсгүй амиа хорлосон хэрэг гарсан байна. Бүсгүй амиа хорлоход хүргэсэн этгээд өршөөлийн хуульд хамрагдан эрх чөлөөтэй явна. Гэр бүлийн хүчирхийллийг  даамжруулснаар ямар уршиг гарч болох талаар сэрэмжлүүлэх үүднээс гэр бүлийн хүчирхийллийн  хэргийг жишээ болгон татъя.

37 настай Г.Д бүсгүй амиа хорлох хүртлээ нөхөр хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг байв. Байнга нөхөртөө дарамтлуулдаг  байсан тул 2015 оны 04-р сарын 03-ны өдөр буюу төрсөн өдрөөрөө гэрийнхээ тагтнаас унаж амиа хорлосон. Нөхөр Т.Д гэгч нь талийгаачийг сэтгэл зүйн хувьд дарамтлан орон байрнаас хөөх, доромжлох, зодох зэрэг дарамт учруулж өрөвдөх хайрлах сэтгэлгүй хандаж амиа хорлоход хүргэсэн байдаг. Т.Д буюу талийгаачийг дарамталдаг байсан нөхөрт Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээс эд хөрөнгө болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа гэр бүлийн хүнтэйгээ харгис хэрцгий харьцсаны улмаас түүнийг амиа хорлоход хүргэсэн  гэж үзэн  гурван жилийн ял оноосон. Гэсэн  ч өршөөлийн хуульд хамруулсан байх юм. /Бусдыг амиа хорлоход хүргэсэн этгээд Эрүүгийн хуулийн 95.1-д заасны дагуу  хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлдэг./ Ингээд эхнэрийнхээ “толгойг залгисан” этгээд 14 хоног саатуулагдсан болоод өнөөдөр та бидний дунд эрх чөлөөтэй явж байна.

Талийгаач Г.Д бүсгүй төрсөн өдрөөрөө амиа хорлосон байна. Түүний үхлийн шалтгааныг шүүх эмнэлгээс “Талийгаач нь хүчтэй доргилтын гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна.” Гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл эрүүлдээ амиа хорлосон байгаа юм.

Талийгаачийн талаар гэр бүлийнхэн нь: ...Хэд хоноод л гэрээсээ хөөгдчихлөө гэж хэлээд тортой хувцас хунараа бариад хүрээд ирдэг байсан. Хэд хонуулаад нөхөр Дарханчулуун нь ирээд аваад явдаг боловч дахиад л хэд хоноод гэрээсээ хөөсөн гээд л хүрээд ирдэг байсан. Би нарийн сайн учрыг нь мэдэхгүй эгч энэ талаараа надад тодорхой ярьдаггүй. Харин бидний хажууд эгчийг маань дандаа янхан гичий минь чи гэх мэтээр элдвийн муу муухай үгээр хэлж дайрч давшлаад чирч гулдчиж гэрээс хүчээр авч явдаг байсан. Энэ үйлдэл нь байнгын шахуу болдог байсан. Гэр лүүгээ яваад хамгийн удаан байлаа гэхэд 7 хоног л байсан байх.”.

“....Дарханчулуун бол миний охиныг их зоддог нүддэг байсан бөгөөд бие нь энд тэндгүй хөх няц болсон байдаг байсан. Гэхдээ охин минь өөрөө зодуулсан талаараа бид нарт хэлэлгүй нуугаад байдаг байсан. Миний хажууд ч зодож байсан удаа байгаа. Харин сүүлийн үед зодохоо больсон гэсэн”... гэх мэтээр зүрх сэмэрмээр аймшигт тайлбарыг өгсөн байдаг.  

Хэрвээ талийгаач өнөөдөр амьд байсан бол хүү охин хоёртойгоо элэг бүтэн амьдрах байсан...

Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн нэг жишээ. Чухам ийм байдалд хүргэхгүйн тулд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг цагдаад өгч дор бүр нь яаралтай арга хэмжээ авч хүнээ бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө  хэн бүхэн анхаарах шаардлагатайг анхаарна уу.