ОУВС-аас тусламж авахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх,  тэтгэвэрт гарах насыг уртасгахаар болж буй нь шүүмж дагуулж буй. Ер нь манайд нийгмийн даатгалын тогтолцоо хийгээд, тэнд ажиллагсдын ёс зүйн асуудал анхаарал татаж буй билээ.

Насаараа шимтгэл төлсөн настан тэтгэвэр тогтоолгоод хэдэн жил мөнгө авч байгаад тэнгэрт халилаа гэхэд түүний нэрээр тэтгэвэрийн мөнгийг нь завшиж байсан явдал хэдэн мянгаар тогтохгүй гэж буй. Энэ бол маш харамсалтай явдал билээ. Тиймээс ч нийгмийн даатгалынхан хүний санаанд оромгүй байдлаар хууль зөрчиж,  нэгэнтээ энэ хорвоогоос явсан талийгаачдыг  амар тайван байлгахгүй байгаа нь ёс зүйн хувьд ч дэндүү муухай хэрэг гэдгийг өмнө нь бичиж байсан билээ.  Гол нь нийгмийн даатгалынхантай холбоотой уг хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл байсан бол эргээд шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Шалгах ч ёстой асуудал гэж үзэж байна.

Тодруулбал, нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар,   улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж,  хэрэгсэхгүй болоод байсан  юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман хэвлэлийнхэнд хэлэхдээ  “ Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярьсан байдаг.

Мөнгө идэж уусан нөхдүүд хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй ажлаа хийгээд явж байна гэсэн үг. Энэ бол дэндүү харамсалтай мэдээ байсан. Талийгаачдыг амь мэт болгож, нэр дээр нь тэтгэврийг нь авч луйвар хийдэг байсан хүмүүс цаашид ч нийгмийн даатгалын салбарт гэм зэмгүй мэт ажиллаад явж байх уу. Талийгаачдын зүгээр явуулахгүй байгаа хүмүүс дахиад өөр ямарч хэрэг үйлдэж мэдэх ёсзүйн тураалтай нөхдүүд л гэж ойлгогдож байсныг эргэн сануулъя.

Сануулахад, Polit.mn сайтад С.Эрдэнэтэй холбоотой мэдээллийг нийтэлснээс харахад  нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт  сайд асан С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг  цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх.Хамгийн харамсалтай зүйл бол хэдийнэ энэ орчлонгийн хүн биш болсон эцэг эх, эмээ өвөөгийнх нь нэрээр тэтгэвэр шилжүүлснийг нь хэчнээн Монгол хүн мэдээгүй өнгөрсөн бол доо. Өглөө босохдоо, орой унтахдаа төрдөө залбирч, төрөө дээдэлдэг Монголчуудаа өөд болсон хойно нь, ясыг нь амраахгүй зовоодог төр байна гэдэг, дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү?

Нийгмийн даатгалын салбарт нуугдаж байгаа тун ноцтой асуудлыг дэлгэсэн “Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал “Өнөөдөр” сонинд өнгөрсөн оны аравдугаар сард нийтлэгдэж байсан билээ. Тэнд өгүүлснээр бол Нийгмийн даатгалын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа. “ хэмээн ярьсан байдаг. Тэрчлэн 2006 оноос хойшхи судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгосон бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар, за мөн тэтгэврийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас, зээл авчихаад байгаа гэх асуудлыг, зээлийн эргэн төлөлт нь нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа талаар, нас барсан хүн өдгөө амьд мэт тэтгэврээ аваад зогсохгүй, түүнийгээ барьцаалан зээл авч, төлөөд явж байж болох уу гэхчлэн асуудлуудыг тус нийтлэлд хөндсөн байдаг.

Тэгвэл С.Эрдэнэ сайдын хувиар сонгуулийн өмнхөхөн НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр нартай хамт  мэдээлэл хийх үеэрээ энэ асуудлаар дуугарсан. Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол Нийгмийн даатгалынхан хуулиа зөрчин тэр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хоёр шалтгаантай болохыг холбогдох шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалтын үр дүнд холбогдох байгууллагууд тогтоосон гэнэ.

Тухайлбал, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан нь нэгдүгээр шалтгаан гэнэ. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан гэлээ. Харин хоёрдугаар шалтгаан нь нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсантай холбоотой гэж хэлэв.

 

Үргэлжлэлийг эндээс