Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган, нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнав. Тодруулбал яруу найрагч, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, "Гацуурт" компаний Ерөнхий Захирал Л.Чинбат, Хэнтий аймгийн уугуул малчин Г.Сампил нарыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор,  Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнааг Монгол улсын Ардын жүжигчин цол тус тус олгов.

Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан  Б.Лхагвасүрэн шагналаа гардан авсны дараах сэтгэгдэлдээ, 

"Хүн төрөлхтний үүрээр төрт ёс хууль цаазын хичээлийг их ухаан эрэлхэг зориг илдний ирээр дэлхийд заасан өвөг дээдэстээ баярлалаа.

Гэр бүрэлдүүлдэг, төр бүрэлдүүлдэг, дэлхий бүрэлдүүлдэг хүн төрөлхтнөөс толгой өндөр заяасан мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа. Эх орны минь онгон дагшин уулс, аугаа их Алтай, Бурхан халдун, Отгонтэнгэр, Миний унасан газар угаасан ус урд, хойд Өнжүүл, Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа" гэлээ.